Монголын анхны хиймэл дагуулыг ирэх онд хөөргөнө

Монголын анхны хиймэл дагуулыг Монгол улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөх юм байна.

Энэ хөтөлбөрт Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер зэрэг таван улс хамтарсан ба Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудыг хүний нөөц, дотоод бааз суурь, гадаад харилцаа холбоо, нано хиймэл дагуулыг хийж хөөргөх боломж нөхцлөөр хангах зорилготойгоор олон талын хөнгөлөлтийг үзүүлж байгаа юм.

Мөн тус хөтөлбөрт хамрагдсанаар нано хиймэл дагуулыг бүтээх, хөөргөх ажлыг Японы Кюүшү технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд, МУИС-ийн багш нар, оюутнууд хийх юм. Хиймэл дагуулын газрын станцыг Монгол Улсын Их Сургууль дээр байгуулж хиймэл дагуулаас мэдээлэл хүлээж авах, өөрийн хиймэл дагуулыг удирдах, хянах боломжтой юм. Ингэснээр Монгол Улс бусад томоохон улс орнуудын адил сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, судалгаа, шинжилгээ хийнэ гэсэн үг. Газрын гадаргын зургийг 400 км-ийн өндрөөс 100 м нарийвчлалтайгаар авах боломжтой болсноор газрын гадаргын өөрчлөлтийг судалж, шинжлэх боломж бүрдэнэ. Мөн байгалийн гамшиг, ой хээрийн түймрийг урьдчилан тооцоолох, мэдээлэл дамжуулахад ашиглаж болох зэрэг ард, иргэд, улс орны амьдралд томоохон ач холбогдолтой.

Дараагийн хиймэл дагуулыг 2018-2019 онд хөөргөхөөр төлөвлөжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ