МАН, МАХН-ын эвсэх 51:25 хувилбар

МАН ба МАХН-ын эвслийн ажлын хэсгүүд өчигдөр эцсийн байдлаар тохиролцоонд хүрсэн. Харин өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл энэ тохиролцоог хэлэлцэж байна.
Ажлын хэсгийнхний үзэглэсэн тохиролцооны тухайд тус хоёр нам тойргуудаа 68:32 хувиар тохирсон байна. Өөрөөр хэлбэл, 76 мандатын 51-ийг МАН-д, 25-ыг МАХН-д ногдохоор тохирчээ. Үүнийг 48 тойрогт харьцуулбал, МАХН 16, МАН 32 гэсэн үг.
Харин жагсаалтын хувьд МАХН-ын 9, МАН-ын 19 нэр дэвшигч байх аж. Эрэмбэлэхдээ МАН-ын гурван нэр дэвшигч тутмын нэг нь МАХН-ын нэр дэвшигч байх юм.
Ийнхүү эвслийн гэрээний урьдчилсан байдлыг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэж, улмаар МАН-ын Бага хурлаас шийдвэр гаргах юм байна. Гэхдээ уг шийдвэрт нөлөөлөх нэг хүчин зүйл байгаа нь Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлт юм. Тодруулбал, энэ сарын 22-нд Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд цэцэд хандаад байгаа билээ. Тиймээс эндээс гарах шийдвэр, намын жагсаалтыг байхгүй болгох эсэхээс тус намуудын эвслийн гэрээний эцсийн дүр зураг гарах нь ээ.
С.Батсүх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ