Эвслийн дарга М.Энхболд, ТУЗ-ын дарга Н.Энхбаяр болно

Төрийн ордонд дөнгөж сая МАХН болон МАН-ын хамтарсан ажлын хэсгийн ахлагчид болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ажлын хэсгээс тус хоёр намыг 2016 оны УИХ-ын болон НИТХ-ын сонгуульд эвсэж оролцох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Нэр дэвшигчдийн квот болон нэр дэвших асуудлыг өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнг харгалзан үзэж байж шийдэхээр болсон гэнэ. Тодруулбал, 51:25 гэсэн зарчмаар нэр дэвшигчдээ хуваарилах юм байна. Өөрөөр хэлбэл, 76 мандатын 51-ийг МАН-д, 25-ыг МАХН-д ногдохоор тохирчээ. Үүнийг 48 тойрогт харьцуулбал, МАХН 16, МАН 32 гэсэн үг. Тодруулбал, МАХН тойрогт 15, жагсаалтад 10 нэр дэвшигч буюу нийт 25, МАН тойрогт 33, жагсаалтад 18 хүн буюу нийт 51 хүнийг тус бүр нэр дэвшүүлэхээр болжээ.
Харин жагсаалтын хувьд МАХН-ын 9, МАН-ын 19 нэр дэвшигч байх аж. Эрэмбэлэхдээ МАН-ын гурван нэр дэвшигч тутмын нэг нь МАХН-ын нэр дэвшигч байх юм.
Ийнхүү тус хоёр нам удтал хүлээлт үүсгэж байж 2016 оны сонгуульд нэг нам эвсэл болж оролцохоор тогтсон байна.
Харин эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ын даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг тус тус томилохоор шийдвэрлэсэн байна. Мөн хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус хяналт шалгалт явуулбал үүнтэй хамтдаа тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ