Песков Ерөнхийлөгчөөс “жавтий хүртжээ”

Телевизийн шууд нэвтрүүлэгт бэлтгэх үеэр алдаа гаргасан Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков төрийн тэргүүнээс “жавтий хүртсэн” тухайгаа ярьжээ. Нэвтрүүлгийн үеэр ерөнхийлөгчид буруу мэдээлэл өгсөн байна.

“Панамын баримт” гэгчийг нийтлэсэн Германы “Sueddeutsche Zeitung” сонин америкийн “Goldman Sachs” банкны мэдлийн сонин гэж Путин шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн юм. Сүүлд нь сонины ерөнхий эрхлэгч энэ мэдээллийг няцааж, ингэснээр Кремль уг сониноос уучлал эржээ.

Телевизийн “Россия-1” сувгаар үзүүлсэн “Нямгарагийн орой Владимир Соловьетай хамт” гэдэг нэвтрүүлгийн үеэр хөтлөгч ийм алдаа гаргасныхаа хариуд ямар нэг шийтгэл хүлээсэн үү гэж Песковаас лавласан байна. “Жавтий хүртсэн” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ. “Энэ нь донгодуулсан гэсэн хэрэг үү” гэх тодруулга асуултад Дмитрий Песков хариулахдаа, “Хараахан мэдэхгүй байгаа. Ерөнхийлөгчөөс банга хүртэхийг би хэн нэгэнд хүсмээргүй байна” гэжээ.

Дэлхийн хэд хэдэн удирдагч болон тэдний шадар хүмүүс офшорын данстай гэх Панамын хууль зүйн “Mossack Fonseca” пүүсийн баримт бичгийг түрүүнд нь “Sueddeutsche Zeitung” сонин нийтлэсэн юм. Ийм баримт бичиг нийтлэсэн нь оросын ерөнхийлөгчийг “дайрсан хэрэг” хэмээн Кремльд үзсэн бөгөөд гэхдээ уг баримт бичигт Путиний нэр байгаагүй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ