МАН-ын бага хурал үргэлжилнэ

Тусгаар тогтнолын ордноо МАН-ын бага хурал өнөөдөр 11.00 цагт хоёрдахь өдрөө үргэлжилнэ. Тус хурлаар МАХН-тай эвсэж 2016 оны сонгуульд оролцох эсэх, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм. Өчигдрийн хуралдаанаар МАН-ын дарга М.Энхболд бага хурлын гишүүдэд өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид төлөвлөж байгаа ажлын талаар илтгэл тавьж, мөрийн хөтөлбөрөө хэлэлцсэн. Мөн УИХ-д бие даан сонгогдсон Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар тус намд элссэн нь олны анхаарлыг татаад буй юм.Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн ч хурал оройтсон учир санал хураалт нь гараагүй байгаа аж.

Эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр МАХН-тай эвсэх асуудлыг өчигдөр хэлэлцээгүй, өнөөдөр хэлэлцэж эцэслэх юм байна.

Дашрамд, МАХН-тай эвсэх асуудлыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “МАН МАХН-тай хамтарч намын баярыг буюу Эх орончдын өдрийг тэмдэглээд нэг сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 2016 оны сонгууль болон түүний дараа болох орон нутгийн сонгуульд хамтарч ажиллах асуудлаар арав гаруй удаа хуралдсан. Өчигдрийн байдлаар ойлгогдоогүй байсан бүхий л асуудлаа эцэслэлээ. Тодруулбал, эхний асуудал УИХ-ын сонгуульд оролцох УИХ дахь нам тус бүрийн квотын асуудал. УИХ-ын сонгуульд МАХН тойрогт 15, жагсаалтанд 10 нэр дэвшигч буюу нийт 25. МАН тойрогт 33, жагсаалтанд 18 нийт 51хүнийг тус тус нэр дэвшүүлнэ гэж тохиролцсон.Ингэхдээ УИХ-ын сонгуулийн мандатыг хоёр нам 51:25 харьцаатайгаар хувааахаар тохиролцсон байна. Харин жагсаалтыг 18:10 харьцаатай байхаар санал нэгдсэн гэж тохиролцсон” гэв.

Г.Тамир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ