МАН ба МАХН эвсэх нь зөв үү, буруу юуюу

Сонгууль дөхсөн энэ үед намууд өчигдрөөс дотоод зохион байгуулалтаа хэлэлцэж, түүнчлэн хуулийн хугацаандаа мөрийн хөтөлбөр болоод нэр дэвшигчидээ баталгаажуулах ажилдаа ханцуй шамлан орлоо. Тэд энэ сонгуульд хэчнээн суудал авах, цаашлаад хэрхэн ялалт байгуулж болох талаар бүхий л боломжоо эрэлхийлэн зүтгэж байна. Тухайлбал, МАН ба МАХН сонгуульд эвсэн орох талаар урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрсэн бөгөөд тухайн намуудын хурлын эцсийн шийдвэр олны анхаарлын төвд байгаа юм. Харин бид энэ талаар иргэдийн байр суурийг сонирхлоо.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны иргэн Х.Энхсаруул: Нэг нь нийтийнхээ төлөө гэгчээр хоорондоо эвсэж байхыг бодвол юм хийх гэж байгаа л юм байх гэж бодож байна. Хэн нэгний эрх ашгийн төлөө улс орноо хохироохгүй байх гэж найдаж байна. Ер нь тархай бутархай байснаас дээр юм болов уу. Сонгуульд нэгдэж орсноор амжилт гаргах л байх.

БЗД-ийн 5 дугаар хорооны иргэн П.Билгүүн: МАН, МАХН хоёр нам ч адилтай адил, нийлсэн ч салсан ч нэг л нам. Ер нь хуучны МАХН-ыг төр барьж байх үед залууст их хэцүү, хаалттай, дэмжлэггүй, бүх юм хөшигний цаана явагдаад байгаа юм шиг санагддаг байсан. Нэг ажил санаачлаад бичиг баримт өгөхөд ширээнийхээ доогуур чулуудчихдаг л байсан шдээ. Тэгээд намынхаа, хамаатнуудынхаа хүмүүсээр хийлгэчихдэг, тийм л нам. Ер нь нийгэм энэ намын үед дандаа удаашралтай, хөгжилгүй, залууст халгаатай байсан. Би хувьдаа эвслийг дэмжихгүй.

Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны иргэн У.Нямтулга бидэнтэй сэтгэгдлээ ийн хуваалцлаа. Тэрээр хэлэхдээ “Улс төрийн бүлгүүд гэдэг ерөнхийдөө олигархиуд. Тэд зөрчилдөхөөр улс оронд муугаар нөлөөлж байдаг. Сүүлийн үед улс төрийг ер ойлгохоо байсан. Учраа олохгүй л байна. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шдээ. Тэд нарын зөрчил энгийн бидэнд их сөргөөр нөлөөлж байна. Би хувиараа бизнес эрхэлдэг. Тэр утгаараа ер нь олигархуудын нөлөө иргэдэд муугаар л нөлөөлөөд байна. Нэгдэх тухайд гэвэл юм хийх гэж л эвсэж байгаа гэж найдаж байна.” гэсэн юм. У.Нямтулга зургаа даруулахыг зөвшөөрөөгүй юм. Тэрээр "Би зургаа авахуулмааргүй байна. Нийгэм ийм л болчихсон шүү дээ." гэлээ. Түүний хэлсэнчлэн иргэд үзэл бодлоо илэрхийлж чадаж байгаа ч хөшигний цаана нуугдахыг илүүд үзэх нь элбэг байсан юм. Ингээд иргэдийн сэтгэгдлээс үргэлжлүүлэн сонирхоё.

СХД-ийн хорооны иргэн Д.Лхагваа: Энэ хоёр нам чинь таарч тохирохгүй болоод салсан гэж ойлгодог. Тэгээд одоо нэгдлээ гээд эвтэй байж чадна гэдэгт эргэлзэж л байна. Тэгээд ч бүх гишүүд нь дэмжиж байгаа юм биш шиг л байна лээ шдээ. Авлигачид толгойлоод улс орныг хямралаас гаргана гэж худлаа дөө. Би ийм л бодолтой байна.

БГД-ийн 6 дугаар хорооны иргэн М.Баттулга: Энэ бол буруу. Тус тусдаа бие даасан намууд яг сонгууль дөхөөд ирэхээр эвсээд суудал олох гэж олонх болох гэж ингэж байна. Тэрнээс биш нэгдээд яг ард түмний төлөө юм хийчихье гэсэн бодол байхгүй байх. Гарч ирээд мөрийн хөтөлбөрийнхөө дагуу юм хийнэ гэдэгт эргэлзэж л байна. Ер нь бусад намуудын рейтинг гайгүй байгаа шдээ. Миний хувьд бол энэ хоёр нам эвсэхийг дэмжихгүй.

БЗД-ийн 1 дүгээр хорооны иргэн Б.Дуламжав: Сонгуульд суудал авахын тулд л салчихсан байсан хоёр нам эргэж нийлж байна гэж бодож байгаа. Зөвхөн сонгууль гэхээр л ард түмнээ биш өөрсдийгөө бодоод л ийм юм хийж байгаа шд. Эвсэхийн хэрэг байхгүй, үр дүн гарч, ахиц гарахгүй ээ.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Ж.Мөнхзул: Нийгэмд бол өөрчлөлт гарахгүй байх өө. Зүгээр л нийлвэл ялж магадгүй. Тэгээд нийлж засаг байгуулж магадгүй. Тийм л юм болох байх. Тэрнээс биш нийгэм өөрчлөгдөөд сайжирчихна гэж бодохгүй байна

Ховд аймгийн Булган сумын иргэн М.Ядамсүрэн: Эвсэх эсэх нь хоёр намын л асуудал байх. Миний хувьд бүгдээрээ л эе эвээ хичээвэл сайн байна.Хоёр тусдаа нам өөрөө өөрсдөө л бодол санаагаа уралдуулбал дээр биз дээ? Хувьсгалт намынх гэхэд дарга нь юу билээ, одоо юу болж байгаа билээ. Үнэхээр л улсаа хөгжүүлье гэвэл тус тусдаа хүчээ үзээд, ард түмнээр дүнгээ тавиулах хэрэгтэй

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Б.Ундрам: МАН, МАХН хоёр нэгдэхэд сонгуульд нөлөөлөх байх. Гарах магадлал нь илүү л нэмэгдэх байх. Би хувьдаа бодохдоо энэ хоёр нам нэгдээд гарч ирвэл АН-аас илүү юм хийх байх гэж бодож байгаа.

Хөвсгөл аймгийн иргэн Д.Энхдалай: Энэ хоёр нам нэгдэхэд авлига ч бүр дийлдэхээ байна биз. Шинэ хүн л сонгохгүй бол өөрчлөлт гарахгүй. Хөдөө орон нутагт ч ялгаагүй, хотод ч ялгаагүй. Урьд нь энэ намууд олон жил засаг барьж байсан шүү дээ. Ялгаагүй л байх болов уу.

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн Б.Энхчимэг: Ер нь бол өөрсдөө саллаа гээл салсан шдээ тийм ээ. Яг эрх барьж байх замдаа салъя гэж салчихаад одоо болохоор буцаад нэгдье гээд байгаа нь сонин л байна. Одоо сонгууль дөхсөн болохоор сая АН засаг барьж байхдаа их зүйл хийчихлээ шүү дээ тийм ээ, энэ утгаараа буцаад сонгуульд гарах магадлал өндөр гэдэг үүднээс л эвсэж байгаа байх. Тэрнээс биш улсдаа юм хийе гэсэн үзэл бодлоор эвсчихэж байгаа юм биш байх.

Чингэлтэй дүүргийн ахмад настан Ц.Батмөнх: Аргагүй байдалд эвсэх нь зөв. Гэхдээ хол явахгүй. Амжилтын тухайд ч тааруухан байх болов уу. Дангаараа байснаас л дээр биз дээ.

С.Батсүх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ