МАН, МАХН эвсэхгүй гэсэн эцсийн шийдвэрээ гаргажээ

УИХ-ын энэ удаагийн сонгуульд хамтарч оролцохоор ажлын хэсэг гарган ажилласан ч МАН, МАХН-тай эвсэх асуудал талаар болж байна.

Өчигдөрхөн МАН болон МАХН-ын ажлын хэсгийг ахалж ажилласан Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар хамтарч суугаад 51:25 харьцаатайгаар УИХ-ын сонгуульд хоёр намт эвсэх тохиролцоо хийснээ зарлаж байсан бол Н.Энхбаяр өнөөдөр энэ бүгдээсээ буцсан байна.Тиймээс МАН-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар МАХН-д хандаж, “ Өдрийн 16.00 цаг гэхэд эвсэх үгүйгээ шийд” гэсэн шаардлага тавьсан.

МАН-ын дарга М.Энхболд болон тус намын нэр бүхий улстөрчид МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаж дахин тохиролцохоор оролдсон байна. Гэвч Н.Энхбаярын хувьд өнгөрсөн хугацаанд ярьсан тохирсноосоо эргэж буцан 51:25 биш 76 суудлаа 50:50 хувиар хуваах санал тавьжээ. Нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд ийм харьцаатайгаар оролцоно, МАН-тай адил тэгш эрхтэй байна гэсэн саналыг Н.Энхбаяр тавьсан бөгөөд МАН-ын зүгээс үүнийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд хоёр намын ажлын хэсэг дээр ярьж тохиролцсоноосоо буцаж, “ Гар бариад бугуй барих”-ыг санаархсан Н.Энхбаяртай хийсэн МАН-ын эвсэх оролдлого ийнхүү талаар өнгөрлөө гэдгийг эх сурвалж хэлж байна.

Д.Оюун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ