Сонгуулийн сурталчилгаа ба бидэнд үлдэх зүйл

Сонгууль гэхээр л нэр дэвшигчийнх нь том зураг өлгөөтэй байж, наана нь намын туг олноороо намирч байх ёстой юм шиг байх юм.

Том самбар өлгөж, олон тооны туг хийсгэж, дээр нь нэмээд сонгуулийн сурталчилгааны дуу хүртэл зохиож дуулуулдаг нь Монголын сонгуулийн сурталчилгааны нийтлэг дүр төрх болоод байна.

Самбар

Энгийн хүмүүс 3*4-ийн хэмжээтэй цээж зургаа авахуулдаг бол сонгуульд нэр дэвшигчдийн цээж зураг хамгийн том байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль эхэлсэн биш сурталчилгааны самбар олдохгүй байгаагаас гадна хамгийн том самбарууд дээр гурван нэр дэвшигчид маань өөрсдийн зургаа байршуулсан. Тэр самбарууд дээр хийж бүтээх ажил, амлалт гэхээсээ илүүтэй цээж зураг, хоёр мөр холбоо үг, гарын үсэгтэйгээ байх нь олонтаа. Зах, худалдааны төв гээд аль болох их хүн цуглардаг газрын дэргэдэх, мөн хот аймаг руу ороход байрладаг замын дэргэдэх самбаруудыг онилж аваад зургаа байршуулна. Тун удахгүй автобусны бариуланд хоёр мөр үг, цээж зургийн хамт заларч эхэлнэ. Зурагтаа асаахад нэр дэвшигчийн нэвтрүүлэг, гадаа гараад автобусны буудал дээр, автобусанд суухад бариул дээр нь, ажлын гадаа том самбар дээр нэр дэвшигчдийн зураг өлгөөстэй, интернэтэд ороход нэр дэвшигчдийн мэдээлэл дүүрэн. Ёстой л цээжээрээ мэддэг царайнуудыг харахаар залхахгүй гээд ч яахав дээ. Харин түүнийхээ оронд дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрөө самбар дээрээ байршуулж, танилцуулсан нь дээр баймаар юм. Учир нь ирээдүйн Ерөнхийлөгчийн амлалт, хийх ажил бидэнд чухал. Эцэстээ тэрхүү амлалт бүхий самбар нь ирээдүйн Ерөнхийлөгчийн хийх ажлыг сануулж, ард иргэдэд үлдэх ёстой.

Туг

Намын ухуулгын байрны гадаа олон тооны туг хатгалаа гээд нэр дэвшигч сонгогдоход нөлөө үзүүлэхгүй шүү дээ. Сонгуулийн сурталчилгаанд туг олныг хатгаад, олныг хийсгэвэл сурталчилгаа амжилттай болж байгаа мэт хандах хандлага манай улсад байдаг. Харин хэрэг дээрээ намын тугийг хараад нэр дэвшигчийг нь сонгодог хүн нэг ч байхгүй. Тиймээс энд тэнд сэрдийлгэж, ард иргэдэд тарааж, дараа нь гудамжинд хог болох туг дарцгаа арай цөөлчихвөл намын санхүүд ч, нийслэлийн өнгө үзэмжид ч илүү сайн нөлөөтэй. Нэг ёсондоо сонгуулийн суртачилгаанаас хамгийн хэрэггүй зүйл нь энд тэнд тараадаг жижиг туг юм.

Дуу

Хэн нэгнийг эсвэл аль нэг нам хүчнийг магтсан, бүх оддын, эсвэл олны танил хамтлаг дуучны дуу сонгуулийн үеэр хит парадыг тэргүүлж, энд тэнд утасны хонхонд тавигддаг үзэгдэл сүүлийн хэдэн сонгуульд ажиглагдаад байгаа. Тун удахгүй ФМ-үүдээр сурталчилгааны дуу захиалж сонсох нь ихэсч, зурагтаар гоё сайхан хийцтэй сурталчилгааны дууны клипүүд цацагдаад эхэлнэ байх даа. Сонгуулийн дараа самбарууд татан буугдаж, тугаа хурааж, хэвлэлийн материалууд хог болж хаягддаг бол ганц зүйл үлддэг нь сурталчилгааны дуу юм болов уу даа. Сонгуулийн дараа ч сонсож болохуйц сонсголонтой дуу л хийгээсэй билээ.

Б.БAATAP
Эх сурвалж: www.ildald.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ