Б.Бат-Эрдэнэ МАН-ын туг хэрэглэхээс татгалзжээ

-МАН-ын нэр хүндээс болж Б.Бат-эрдэнэ тугнаас татгалзахад хүрэв үү-

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа орон даяар үргэлжилж байна. Нэр дэвшигчид өөр, өөрсдийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, аль болох сонгогчдод өөрсдийнхөө сайн сайхныг харуулахыг зорьсоор байгаа билээ. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ хаанаас нэр дэвшиж байгаа вэ гэдгээ нуугаад байх шиг. Учир нь тэрээр иргэдтэй уулзахдаа аль болох МАН-ын нэрийг бага дурдаж, намынхаа туг логог төдий чинээ ашиглахыг хүсэхгүй байгаа ажээ.

Шууд хэлбэл МАН өнгөрсөн хоёр шатны сонгуульд ялагдал хүлээсэн нь нэрнээсээ болсон гэдэгт тэрээр итгэдэг бололтой. Мөн намынхаа гишүүдийг ч иргэдийн дунд нэр, нөлөө муутай байгаа учраас өөрийнх нь сонгуульт ажилд сөрөг нөлөөлөл үзүүлнэ гэж тооцоолсон сурагтай байна. Тиймээс Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигч “Нэр цэвэр, гар цэвэр” гэсэн уриаг гаргаж МАН дотроо би л цэвэр шүү хэмээн иргэдэд хэлж яваа. Харин намынх нь нөхөд түүний хэлж байгаа уриаг жинхэнэ орвонгоор нь эргүүлэх хэмжээний муу нэртэй байгаа учраас тэрээр намынхаа туг, далбаа, нэр, логоноос татгалзаж олон түмний хамгийн их ашигладаг туг, лоозонг оронд нь хэрэглэж яваа юм байна.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнийн сонгуулийн штабуудын үүдэнд МАН-ын нэг ч туг байхгүй нь үүнийг баталж байгаа. МАН-ын тугны оронд Монголын төрийн далбаа намирч Б.Бат-Эрдэнийн сурталчилгааны хуудсан дээр МАН-ын лого нүдэнд үл харагдах төдий жижгхэн, намынх нь гишүүдийн бус монголчуудын зураг тавигдаж байна.

Б.Бат-Эрдэнэ нэр дэвшигчийн энэхүү үйлдэл, санаа, бодлыг МАН-ын архаг гишүүд ч хүлээн зөвшөөрч байгаа юм уу даа. Тэд зөвшөөрөөгүй бол Д.Бат-Эрдэнэ гишүүн толгой мэдэн орон даяар Монгол төрийн далбааг намируулж МАН-ын тугийг хөсөр хаях байсан бил үү. Гэтэл АН, МАХН гээд өрсөлдөгч нэр дэвшүүлж буй намаараа бахархаж байгаа гэдгээ илтгэж буй мэт туг, далбаагаа олноор нь намируулжээ.

Э.Номин

эх сурвалж: medee.mn

baterdene

СЭТГЭГДЭЛ БИЧИХ