Олимпод оролцох тамирчид зика вирусийн халдвараас урьдчилан сэргийлж байна
Ирэх наймдугаар сард Бразилын Рио Дэ Жанейро хотод олимпийн наадам болно. Олимпод оролцох тамирчдын хувьд, зика вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх нь чухал байна.
Рио хотын захирагч Эдуардо Паэс, ирэх наймдугаар сард олимпод оролцох тамирчид аюулгүй. Зика вирус том асуудал биш. Та бүхэн манай хотод тавтай морилж, цагийг сайхан өнгөрүүлээрэй” хэмээн хэлсэн байна. Гэсэн ч Бразилын эрүүл мэндийн ажилтнууд зика вирусийн аюул буураагүй хэвээр байгаа хэмээн анхааруулж байна.
Жирэмсэн эмэгтэй Зика вирусийн халдвар авбал ургийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлтэй болох нь ШУ-аар батлагдсан.
МИЧЕЛЬ КАМАРГО МОРАЭС гэдэг жирэмсэн эмэгтэй, “Зика вирусийн халдвар авсан хүмүүс хаа сайгүй байна. Манай байранд, ажил дээр, манай гэрт гээд л хаа сайгүй зикагийн халдвар авсан хүмүүс байна. Гэтэд бид олимп болох цэнгэлдэхтэй тун ойрхон амьдарч байна. Хэн зикагийн халдвар авсныг хотын захирагч нэгд нэггүй мэдэх боломжгүй. Тайван байя гэсэн баталгаа алга байна шүү дээ” гэлээ.
Иймээс олимпод оролцох тамирчдыг зика вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд тус тусын арга хэмжээг авч эхлээд байна. Тодруулбал, Өмнөд Солонгосын Олимпийн хороо тамирчдын өмсгөлд шумуул үргээгч бодис шингээсэн байна
Зика вирус шумуулны хазалтаар хүнд халдварладаг боловч, хүнээс хүнд үрийн шингэнээр дамжин халдварладаг болох нь тогтоогдсон. Тиймээс Австрали улс тамирчдад бэлгэвч тараахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. АНУ-ын эрдэмтэд зика вирусийн эсрэг вакцин туршиж байгаа бөгөөд Латин Америк, Карибын орнууд тэр дундаа Бразил улсад аялж байгаа хүмүүст бэлгэвч хэрэглэхийг уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ