Сү.Батболдын яриа ба бодит байдал

УИХ-ын гишүүн Сү.Батболд өчигдөр Itoim.mn сайтад ярилцлага өгчээ. Түүний ярилцлага Ардчилсан намын алдааг олж шүүмжлэхээсээ илүү МАН-ын эрх барих үеийн буруу бодлогод харамссан агуулгатай байв.


Сү.Батболд: Ардчилсан нам МАН-ын засаг барих үеийнхээс 10 дахин их мөнгө зээлсэн гэж ярьжээ.


Бодит байдал: Олон улсын валютын сангийн мэдээлснээр манай улсын гадаад өр 2015 оны байдлаар 20 гаруй тэрбум ам.доллар байна. 2012 оныг хүртэл буюу МАН-ын С.Баяр, Сү.Батболд нарын Засгийн газрын үед 9.936 тэрбум ам.доллар, Ардчилсан намын Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газрын үед 9.924 тэрбум ам.долларын зээл авсан байдаг. Ингэхээр МАН болон Ардчилсан намын Засгийн газрууд ижил хэмжээний зээл авсан гэсэн үг. Бодит байдал ийм. Тэгээд ч Засгийн газруудыг тавьсан зээлээр нь уралдуулж суух нь Ерөнхий сайд асан хүний хувьд хэр зохимжтой байдаг юм бол.


Сү.Батболд: МАН авсан зээлээ ард түмэндээ тараасан. Ардчилсан нам зам л барьсан гэжээ.


Бодит байдал: МАН Засгийн эрх барих үедээ Таван толгойгоо барьцаалж 350 сая ам.долларын зээл авч иргэдэд тараасан. Үр дүн гараагүй. Энэ өндөр хүүтэй, алдагдалтай өрийг Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшиж байгаа Таван толгойн нүүрсээр төлж байгаа. Мөн Оюу толгойн гэрээний урьдчилгааг авч халамжаар тараасан. Бас л үр дүн гараагүй. Харин Чингис, Самурай бонд Монгол Улсад үйлдвэрлэл, дэд бүтцийг хөгжүүлснийг иргэн бүр харж байгаа. Монгол Улсын ихэнх аймаг Улаанбаатар хоттой засмал замаар холбогдлоо. 2012-2016 онд Монгол Улсад 3388 км зам барьсан нь 20 жилд барьсан замаас ч урт юм. Цаашдаа ч зам барих ажил үргэлжилнэ. Зам дагаж хөгжил ирдгийг үгүйсгэгчид ч анзаарч байгаа биз ээ.


Сү.Батболд: Мөнгө зээлэх нөхцөл байгаагүй гэжээ.


Бодит байдал: МАН эрх барих үедээ Таван толгойгоо барьцаалж 21 мянган төгрөгийг халамж болгож тараасан. 2012 оны сонгуулиар Ардчилсан нам олонхи болоход Монгол Улсад зам барих, үйлдвэр босгох бүү хэл, “Хүний хөгжил сан”-гийн данс нь улайчихсан байсан. Харин эрх мэдлээ хүлээлгэж өгсөн С.Баяр АНУ-д долоон хаус авч хөлгүй баяжсан мэдээ дуулдаж эхэлсэн. Сү.Батболд нарын цөөнгүй нөхдүүд ч оффшор бүсэд данс нээлгэчихсэн байсан нь ил боллоо.


Сү.Батболд: Өрийг өрөөр дарна гэдэг архиар шараа тайлж байгаатай адил гэжээ.


Бодит байдал: Зүйрлэж яривал архинд оруулсан Засгийн газар нь Сү.Батболд, С.Баяр нарынх. Дээр өгүүлснээр тэд авсан бүх зээлээ халамж хэлбэрээр тарааж, үр дүнгүй зарцуулсан. Харин Ардчилсан нам тэдний тавьсан өрийг төлөхийн хажуугаар бүтээн байгуулалт хийж байна. Монгол Улсын эдийн засгийнхаа өсөлтийг хангаж чадвал ДНБ-д эзлэх Засгийн газрын зээлийн хувь ойрын ирээдүйд түргэн буурах боломжтой. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын зээлээр дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбартаа хийсэн хөрөнгө оруулалт огцом өссөн нь эдийн засгийн ойрын ирээдүйн өсөлтийн нэгэн чухал эх үүсвэр болно. Бодит үр дүн ийм л байдаг.


Сү.Батболд: Монгол Улс дампуурсан мэт, гадаад улсад өрөндөө баригдсан мэт харагдаж байна гэжээ.


Бодит байдал: Монгол Улсын дампуурсан гэж аль нэг улс төсөөлөөгүй. Тийм ч учраас хөрөнгө оруулагчид Монгол Улсыг сонирхож байгаа. Ирэх саруудад Монгол Улсад АСЕМ-ын хурал болно. Монгол Улсын нэр хүнд дэлхийн тавцанд яригдах үед Ерөнхий сайд, төрийн өндөр албан тушаал хашиж байсан иргэн улсынхаа дампуурлыг зарлаж байгаа нь харамсалтай. Түүний ярьсан айлаар бол өрхийн тэргүүлэгч байсан хүн гэр бүлээ муулдаг бил үү. Тийм бол Сү.Батболд оффшор бүсэд хөрөнгө оруулсан мөнгөө улс орныхоо хөгжилд зориулах нь шударга ёсонд нийцнэ. С.Баяр АНУ-д авсан долоон байраа зарж улсдаа нэмэр болох ёстой. Оффшор бүс дэх монголчуудын дансыг харахад ихэнх нь улстөрчид тэр дундаа МАН-ынхан байсан. Энэ мөнгөнийхөө эх үүсвэрийг шалгуулсныхаа дараа улс төрд эргэж орох ёс зүй тэдэнд байх учиртай биш үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ