Тэргэнцэртэй иргэн нэр дэвших эрхгүй юуюу

Нийслэлийн сонгуулийн хорооноос Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслийн нэр дэвшигчдийг танилцууллаа. Нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж тогтоол гаргажээ. Гэхдээ Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшсэн дөрвөн иргэний нэрийг хассан байна. Хасагдсан нэр дэвшигчид нь тэргэнцэртэй, оюутан, мөн сэтгүүлч гэсэн хүмүүс ажээ. Тэднийг тайлбарлах үндэслэлгүйгээр хассан хэмээн мэдэгдэж байгаа юм.

Иргэний хөдөлгөөний нам энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд салбар салбарын төлөөлөл бүхий 45 асуудал ярих 45 хүнийг нэр дэвшүүлсэн аж. Энэ талаар тус намаас тодруулахад “Бид эрх баригчид яаж өөрсдийн үзэмж, дураараа ард нийтийн үйл ажиллагааг дампууруулж сонгуулийн хуулийг дуртай цагтаа, дуртай үйлдлээрээ өөрчилж, олон түмнийг улам уймруулан, будлиулж байгааг харж байна. Оюутны болон хөгжлийн бэрхшээлтэй шударга сэтгүүлчдийн асуудлыг бид тууштай хамгаалж авч явах болно” хэмээн мэдэгдсэн юм.

Хүнийг нас, нийгмийн байдал, гадаад төрх зэргээр нь ялгаварлан гадуурхахгүй байх тухай Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан байдаг. Тиймээс уг заалтыг зөрчиж байна хэмээн ИХ-ний намынхан үзэж байна. Уг нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох буюу төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Энэ эрхийг 18 наснаас эдэлнэ гэсэн байдаг.

Харин эрхээ эдэлж чадахгүй байгаа дээрх иргэдийн талаар СЕХ-ноос тодруулахад, "Нийслэлийн сонгуулийн хорооноос хассан байх. Ер нь цэргийн алба хаасан, ял шийтгэлгүй сонгуулийн насанд хүрсэн бүх иргэн нэр дэвших эрхтэй. Эдгээр шаардлагыг хангасан бол тэргэнцэртэй иргэн ч нэр дэвшиж болно." гэсэн хариу өглөө.

Эцэст нь ИХ-ний намынхан "Иргэний Хөдөлгөөний нам УИХ-ын 2016 оны сонгуульд Төрийн Бус Байгууллагуудаас цагаан жагсаалтад орсон 76 асуудал ярих 76 иргэнийг нэр дэвшүүлнэ. Гэвч үүнээс хэдийг нь хасахыг таашгүй боллоо" гэсэн юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ