Төлбөргүй дээд боловсрол амьдрал цэцэглүүлдэггүй

Улс төрөөр тоглож болно. Угаасаа энэ чинь тоглоом юм. Гэхдээ улс төрөөрөө л тоглоно уу гэхээс нийгмийг хутгах нь арай л боломгүй зүйл биш үү ... гэтэл мөн гэнэ.
МАН-ын бүлгийнхэн Монголын бүх их, дээд сургуулийг үнэ төлбөргүй болгоно гэж байна. Яагаад гэвэл 170 гаруй мянган оюутны сургалтын төлбөрийг төрөөс даахад төсөвт үзүүлэх дарамт нь шалихгүй, жилд “170-хан тэрбум” орчим төгрөг болно гэв. Энэ нь “хэдхэн” зуун цэцэрлэг, сургууль барих хэмжээний л мөнгө юм билээ.
Одоо тэд хуулийн төслөө бэлэн болгох гээд толгой өөд татах завгүй ажиллаж байгаа нь чухамдаа сонгуультай ер хамаагүй, зүгээр л оюунлаг монголчуудын төлөө юм байх. УИХ тэгээд энэ төслийг дэмжчих юм бол Монгол Улс дипломтой иргэдийнхээ тоогоор дэлхийд нэгдүгээрт ороод зогсохгүй, хамгийн босго нам боловсролын системтэй орон болж тодрох нь ээ.
Өөрөөр хэлбэл, ерөнхий боловсролыг бүрэн эзэмшсэн, эсэхээс үл хамааран хэнбугай нь ч Монгол Улсад бүртгэлтэй төрийн өмчийн 48, хувийн хэвшлийн 112 их, дээд сургуульд үнэ төлбөргүй сураад, эрдмийн зэрэг горилох боломжтой боллоо.
Үр дүнд нь “хоосон” толгойтой боловсон хүчнүүд нийгэмд хүч түрэн орж ирнэ. Тэр хэрээр нийгмийн бүхий л салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ ямар чанартай болохыг хэн ч урьдчилаад хэлж чадах байх. Өнөөдөр Монголын их, дээд сургуулиудын дундаж төлбөр 970 мянган төгрөгт хүрсэн гэж БШУЯ-ны судалгааны тайланд дурджээ.
Үүнийг монголчуудын амьдралын өртөг, амьжиргаатай харьцуулбал бага тоо бус ч өндөр хэмжээ бас биш. Угаасаа хүн бүр дээд боловсрол эзэмших албагүй. Үүнийг дээд боловсролын диплом өвөртөлсөн хэрнээ ажилгүй байгаа мянга мянган монгол залуусаар жишээлүүлж болно.
Ингээд бодохоор МАН-ын санаачилгыг дэлхийд хоцрогдсон дээд боловсролын төлөөх улс төржилт гэж ойлгож болохоор. Тэгэхээр хуримтлалгүй монголчуудын тархийг угааж улс төржихийн оронд сургуулиа төгссөн ажилгүй дээд боловсролтнуудыг хэрхэн ажилтай болгох тал дээр оновчтой санаа гаргавал сонгогч түмнийг татаж чадна, уг нь.
Тэгээд ч ажилгүй залуус амьдрал нь диплом дээр цэцэглэхгүй байгааг мэдэхийн дээдээр мэдэх болсон. Хайран сайхан дөрвөн жил, аав, ээжийн хуруу, хумсаа хуйхлан байж олсон мөнгө гээд эцэст нь халаглах зүйл олонтойгоороо Монголын дээд боловсрол бусдаас онцлогтой.
Дөрвөн мянган санхүүчийн орон тоотой Монголд 40 мянган залуу хүн энэ мэргэжлийн дипломыг өвөртөлчихөөд лааз өшиглөж байхад системийг нь сайжруулна гээгүй хэрнээ хэтэвчнийх нь нимгэн дээр улс төрөөр тоглох нь даанч зэвүүцмээр. Элсэлтийн шалгалтын журмыг хуулиар чангаруулж, их, дээд сургуулийн босгыг өндөр болгох нь хамгийн зөв шийдэл гэдгийг энэ улстөрчид мэдэж байгаа.
Гэхдээ ингэх юм бол санал татаж чадахгүй гэсэн айдас нь тэднийг ийм хөгийн зүйл яриад, тэрийгээ “санаачилга” гэж нэрлэхэд хүргэсэн байх. Ингэж балайрахынхаа оронд төлбөрийн урамшууллын системийн талаар гялалзсан зөв механизм боловсруулчихвал саналаа өгмөөр байдаг. Тэгээд ч нийгэм боловсролын дипломыг биш чанарыг нь хүлээдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ