Хориотой бараа авч явсан муурыг саатуулжээ

Оросын Сыктыквар хотын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд хоригдлуудын хадгалж, хэрэглэхийг хориглосон эд зүйлийг засан хүмүүжүүлэх колонид оруулах гэсэн муурыг саатуулсан байна.

Энэ муур хоригдлуудад гар утас хүргэх учиртай байжээ. Энэ сонин явдал Верхний Чов тосгоны хатуу дэглэмтэй колонид болсон байна. Хамгаалалтын хэлтсийн ажилтнууд тус колонийн гадуур эргэлт хийж явахдаа хашаан дээр муур байхыг харж ,саатуулжээ.

Муурны нуруунд хоёр боодолтой зүйлийг скотчоор наасан байжээ. Хоёр боодолд зайтай хоёр гар утас, цэнэглэгч байсныг хэвлэлд бичсэн байна.

Энэ колонид хориотой эд зүйл оруулах гэсэн элдэв оролдлого өмнө ч гарч байжээ. Харин энэ зорилгоор муур хэрэглэсэн нь анхны тохиолдол гэнэ.

Өнгөрсөн жил эндхийн ажилтнууд бурхны хөрөгт нуусан гар утас, SIM-карт, санамжийн картыг нууж оруулах гэснийг таслан зогсоосон байна. Мөн 2010 онд Татарстанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтнууд хүзүүвчиндээ мансууруулах бодистой муурыг барьсан ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ