Гялгар уутаас татгалзах боломж бүрэн байна

Гялгар уут гэж юу вэ?
Ердөө 0.0025 мм-ийн зузаантай маш нимгэн гялгар уут л гэхэд газрын хөрсөнд шингэхдээ 100 гаруй жил болдог юм байна. Гялгар уут газрын хөрсөнд шингэхгvй он удаан жил байснаас, хөрсний эвдрэл үүсгээд зогсохгүй, эргээд хорт нэгдэл ялгаруулдаг. Хүний биед нөлөөлөх хор хөнөөлийг нь тоочоод ч барахгүй. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын дунд элэг, ходоод, улаан хоолой, нойр булчирхайн өвчлөл ихсэх хандлагатай болов. Энэ нь гялгар уутыг ихээр хэрэглэх болсонтой холбоотой гэж мэргэжлийнхэн үзжээ. Энгийн жишээ татвал хавар, намарт нийслэлчүүд албан байгууллага, найз нөхдөөрөө нийлээд мод тарьдаг. 10, 20, 5000, түүнээс ч олон мод тарьсан тохиолдол бий.Тарьсан нь их боловч ургасан нь даанч цөөхөн. Учир нь модны суулгацын амийг “гялгар уут” хөнөөдөг аж. Ургаж байгаа модонд наалдсан гялгар уут хүнээр бол амьсгалыг нь боогдуулснаас тэрхүү мод ургахаа больж, үхдэг ажээ.
Мөн хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формальдегид, бензол, тлоул зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь эргээд хүнсэндээ шингэдэг. Гялгар уутан савлагаатай хүнсний бүтээгдэхүүн гэдэсний савханцар, сальмонеллёз, стафилококк зэрэг нян дамжих хөрс суурь болж өгдөг байна. Байгаль дээр наад зах нь 100 жил устахгүй, уусахгүй байх чадвартай энэ хортой химийн нэгдэл хорт хий ялгаруулж хөрс, ус, агаарыг бохирдуулсаар байдаг. Гялгар уут 1955 онд анх АНУ-д үүсч, хямд хэрэглээ нь хүмүүсийн таашаалд ихэд нийцэж байжээ. Гэвч тэр үед гялгар уутны байгаль экологид учруулах хор хохирлыг хэн ч тааж мэдээгүй.1990-ээд он байгаль экологи, дулаарал гэж ярьж эхэлсэн үеэс түүний хор хөнөөлийг эрдэмтэд судлах болсон юм. Гялгар уутыг хүн ердөө 12 минут ашиглаад л хаядаг. Нийлэг уут байгаль орчинд маш их хор хөнөөлтэй, хөрсөнд 50-100 жил \түүнээс ч олон 200-300 жил байх магадлалтай\ задралгүй хог болж, байгаль орчин, хүний эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулдаг аж.
Бид түүнийг хэрэглэсээр л ...
Монголчуудын жилд хэрэглэж байгаа “50-ийн шар тор”-ыг дэлгээд тооцвол 7.5 сая ам метр талбайг элбэг бүрхэнэ гэж судлаачид дүгнэсэн байна.12,5 тонн нимгэн уут, 55,9 сая ширхэг гялгар уут манай хилийн дээсийг даван орж ирсэн ч эргэж гараагүй, ор мөргүй алга болоо ч үгүй. Үүнд бүртгэгдэхгүй орж ирсэн мөн гялгар уутанд савлагдсан бүтээгдэхүүнийг нэмбэл бүүр ч их тоо гарна. Гялгар уут дэмий гэдгийг эрт ухаарсан гаднынхан цаасан уут, даавуун тор хэрэглэж хэвшээд удаж байна. Дээр үед манай оронд хүнсний дэлгүүрээс бараа худалдан авахад бор цаасан уутанд хийж өгдөг байсан гэдэг.
Хотын захирагч нийлэг уутны хэрэглээг хязгаарлах тухай захирамж гаргаснаас гадна “Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хуулийг УИХ-аас 2009 оны зургадугаар сарын 11-нд баталсан. Улмаар 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхэлсэн Хэт нимгэн гялгар уут болох 0,025 мм-тэй уутыг хэрэглэхгүй хэмээсэн байдаг. Энэ нь бидний хэлж заншсанаар нөгөө 10-ын гэгдэх тор. Гэтэл одоо захын дэлгүүр бүхэнд 10-ын гялгар тор өлгөөтэй л харагдана.
Гялгар уутыг халж, цаасан уут хэрэглэх санаачилга нэг биш гарсан. Төрийн бус байгууллагууд төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ч байсан. Цаасан уут үнэгүй тараадаг шоу хүртэл зохиосон. Гялгар уутны хэрэглээг хууль, журмаар биш хүний ухамсраар хязгаарлах ёстой. БНХАУ-ын Эрээн хотоос гялгар уутыг бөөнддөг наймаачид олон. Овор багатай, бусдын анхаарлыг татдаггүй атлаа хамгийн их ашиг олдог бизнес гэлцдэг.Тэгсэн атлаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хүмүүний насыг богиносгож, байгаль орчинг чимээгүй хороодог нь гялгар цаас. Хүн бүхэн гялгар уут хэрэггүй гэж шогширч толгой сэгсрэх боловч түүнд талхнаас эхлүүлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүх зүйлээ хийдэг.
Манай улсад одоогийн байдлаар сая орчим ширхэг гялгар уут сард борлуулагддаг тооцоо байна. Эдгээрийн 60 хувийг импортоор, 40 хувийг Монголд байдаг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд үйлдвэрлэдэг. Гялгар уутны таваас зургаан үйлдвэр байдаг бол гялгар уут захиалгын төвүүд нэлээн олон ажилладаг ажээ.
Бид ч бас татгалзах хэрэгтэй
2005-2006 оноос дэлхийд нэхээсгүй даавуун материалаар супермаркетийн тор үйлдвэрлэх болсон байна.Нэхээсгүй даавууг үйлдвэрийн аргаар нефтийн шаараас гаргаж авдаг ба задрал нь хурдан хор хөнөөл бага.Супермаркетийн торыг Ази, Америк, Европын олон орон үйлдвэрлэн хэрэглэж байна.Харин Ирланд, Англид гялгар уутны үйлдвэрлэлдээ татварыг нь нэмсэн байдаг.Ингэснээр хэрэглэгчид гялгар уутны хэрэглээгээ нэг удаагийнх бус олон дахин ашигладаг болсон нь судалгаагаар тогтоогджээ.
ДЭМБ-ын хэсэг судлаачид мөн “Ногоон дэлхийгээ аварцгаая” олон улсын нийгэмлэгийн тэргүүн Лестер Браун нар сонирхолтой судалгаа гаргасан байна.Тэд дэлхийн хогийн цэгт төвлөрч буй хаягдлыг хорт зүйлээр нь ангилжээ. Судлаачдын тогтоосноор дэлхий нийтийн “үйлдвэрлэсэн” хог, хаягдлын 20 хувийг пластик буюу уут, тор, 64хувийг цаас, картон бүтээгдэхүүн, химийнгаралтай хүнсний хаягдал үлдсэн хувийг эзэлдэг байна. Манай оронд Дархан-Уул аймаг дахь “Сан Оргиу” ХХК хаягдал гялгар уут хуванцрыг хайлуулж, хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тусгай халуун тогоонд урьдчилж бэлтгэсэн түүхий эдээ хийж өндөр хэмд хайлуулаад, тэр шингэнээ тусгай хэвэнд цутгаж бэхжүүлдэг. Гялгар уутыг шатаадаггүй учраас янз бүрийн үнэр гарахгүй.Шатаавал хортой утаа гарна. Тэр үнэрт нь үйлдвэрлэл явуулах битгий хэл муужирч унана.Тэнд гялгар уутыг хайлуулаад гудамж талбайд тавих сандал, траншейны таг, хогийн сав, хайс хашлага зэргийг хийдэг байна. Нийгэм өөрчлөгдөж цаас ховордон үнэд орсон учраас гялгар уут хэрэглээнээс шууд гарна гэдэг хэцүү.Гэхдээ Бидэнд татгалзах бүрэн үндэслэлтэй хууль байна, дахин ашиглаж болох үйлдвэрлэл байна одоо зөвхөн хэрэглээгээ багасгах иргэн хүний ухамсар л хэрэгтэй.
Б.Батгэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ