Хийжүүлсэн ундаанд татвар тогтоолоо

АНУ-ын Филадельфи муж хийжүүлсэн ундаанд татвар тогтоох хуулийг баталлаа. Хэдийгээр энэ салбарынхан хэдэн сая долларын кампани ажил өрнүүлж, хууль тогтоогчдыг лоббидох гэж оролдсон ч Филадельфи хийжүүлсэн ундаанд татвар тогтоосон анхны муж боллоо.Энэ хуулийн дагуу 200 грамм ундаа тутамд 1,5 цент буюу нэг литр тутамд 50 центээр бодож худалдаа эрхлэгчдээс татвар авах юм.Тэгэхээр хийжүүлсэн болон химийн аргаар амт, өнгө нэмсэн бүх төрлийн ундаа худалдаалагчид нэг бол татвар төлөх, үгүй бол бизнесээ зогсоох гэсэн сонголттой тулгарч байгаа юм.

Ирэх оноос хэрэгжиж эхлэх татварын хуулиар жилдээ 90 сая доллар зөвхөн хийжүүлсэн ундааны худалдаанаас орж ирэх ч шинэ хуулийн хамгийн том үр ашиг нь 1,5 сая хүн амынхаа эрүүл мэндийн төлөө зогсч чадсан хатуу байр суурь, ирээдүйн оршин суугчдынхаа эрүүл амьдралын хэв маягт оруулсан хувь нэмэр байх болно гэж олон нийт үзэж байна. Ундааны бизнесээс орж ирэх татварын мөнгийг хүүхдийн цэцэрлэг, сургуулийн төсөв зориулахаар төлөвлөжээ.

АНУ-ын хэмжээнд 30 мужид яг ийм хууль батлахаар хэлэлцэгдсэн ч амжилт олсон нь бараг үгүй. Зөвхөн Калифорни мужийн Беркли хотод л батлагдан, хэрэгжсэн юм.

Ундаа үйлдвэрлэгчид энэ хуулийн эсрэг зар сурталчилгаа, кампанит ажилд сая сая доллар зарцуулж, хэрэглэгчид очих үнэ нэмэгдэнэ гэдгийг ухуулж байгаа ч эрх баригчдын хувьд хүн амынхаа эрүүл мэндийг нэн тэргүүн авч үзэх шаардлага тулгарч байна. Филадельфид гэхэд насанд хүрэгчдийн 68, хүүхдүүдийн 41 хувь нь илүүдэл жинтэй байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ