Музейн үзмэрийн хадгалалтын төхөөрөмжийг сайжрууллаа

"Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

Япон Улсын Засгийн газрын Соёлын буцалтгүй тусламжаар 2015 - 2016 онд “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмжийг сайжруулах төсөл"-ийг ЖАЙКА ба Монголын Засгийн газар хэрэгжүүлснээр түүх соёлын үнэт өвийг урт удаан хугацаанд зохистой байдлаар хадгалж хамгаалах үйл ажиллагаа шинэ шатанд гарч байна. Тус музей нь балар эртнээс өнөөг хүртэлх үеийн монголын түүх, өв соёл, угсаатны уламжлалт зан заншлыг илэрхийлсэн, үндэстний ялгарах онцлогийг агуулсан, дэлхийн хэмжээнд ховор нандинд тооцогдох 60 мянган үзмэрийг хадгалж хамгаалж байдаг.

Япон улсын Засгийн газар Монгол улсын хамгийн том музейд нийтдээ 38, 3 сая иен буюу ойролцоогоор 720 сая төгрөгийн тусламж үзүүлсэн бөгөөд ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид үзмэрийн хадгалалтын шинэ тоног төхөөрөмж, технологитой танилцлаа. Үүнд:
- Археологийн олдвор, түүх угсаатны зэрэг олон төрлийн материалаас бүтсэн шинэ цуглуулгын хортон шавьжийг устган халдваргүйжүүлнэ.
- Ариутгасан үзмэрийг хадгалах цэвэр, тогтвортой орчин бүрдүүлнэ.
- Дулаан ба харьцангуй чийгшил болон гэрлийг хэмжиж хянана.
- Үзмэрийг нарийвчлалтай хэмжих, хүн овортой үзмэрийг өргөх зөөх, засварлах арчилгаа үйлчилгээ сайжирна.
- Гэрэл ба цагаан эрвээхэй зэрэг шавьж хорхойд эмзэг үндэсний хувцас гоёл чимэглэлийн урьдчилан сэргийлэх хадгалалтын нөхцлийг хангахын зэрэгцээ үзэгчдэд тод харагдахуйц үзүүлнэ.
- Орчин үеийн линз бүхий гэрэл зургийн дижитал камер нь Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх болон үзмэрийг олон нийтэд хүргэхэд ач холбогдолтой үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, үзмэрийн хүртээмжийг өргөжүүлэх боломжтой болж байгаа юм.

Монголын Үндэсний Музей нь улс, аймаг орон нутгийн бусад музейг мэдээлэл, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэг хүлээдэг тул энэхүү тоног төхөөрөмжийг хүлээн авснаар Монгол улсын нийт соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад тодорхой хувь нэмэр үзүүлээд зогсохгүй нийт иргэдэд соёлын дархлаа суулгах, аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх зэрэг ач холбогдолтой.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ