Цагдаагийн алба хаагч нартай холбоотой судалгаа хийжээ

Говь-Алтай аймгийн Прокурорын газарт иргэдээс тус аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдын хууль бус үйлдэл, ёс зүйтэй холбоотой гомдол багагүй ирүүлэх болсонтой холбоотойгоор 2015-2016 онд Цагдаагийн албан хаагч нараас үйлдсэн гэмт хэрэг, зөрчил, хохирсон байдлыг судалсан байна.
Судалгаагаар тус Цагдаагийн газрын 3 албан хаагч гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна.
Үүнд: Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нэг албан хаагч үйлдсэн болох нь тогтоогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эвлэрсэн үндэслэлээр прокуророос хэрэгсэхгүй болгосон, 2 албан хаагч Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан байна.
Үүнээс гадна тус Цагдаагийн газрын 8 албан хаагчид холбогдуулан иргэдээс гомдол мэдээлэл ирүүлсэнийг утгаар нь авч үзвэл: хэргээ хүлээсэнгүй гэж зодож дарамталсан, хэл амаар доромжилсон, эрүү шүүлт тулгасан, зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийсэн гэх гомдол мэдээллүүд байжээ.
Мөн тус Цагдаагийн газрын 8 алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон байна. Хохирсон байдлыг судалж үзэхэд нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хууль бус үйлдэлтэй холбоотой хэдий ч нөгөө талаас Цагдаагийн албан хаагчийн харилцааны ёс зүй, иргэнд хууль ёсны шаардлага тавихдаа зөв ойлгуулах талаар учир дутагдалтай байгаатай шууд холбоотой байна гэсэн дүгнэлтэнд хүрчээ.
Энэхүү хууль дээдлэх, шударга ёс, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх үйл ажиллагааны үндсэн зарчимтай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүрэг бүхий цагдаагийн алба хаагч нар өөрсдөө гэмт хэрэгт холбогдож байгаа нь олон нийтээс хууль хяналтын байгууллагад өгөх үнэлэмжинд сөргөөр нөлөөлөх, Цагдаагийн байгууллагад итгэх итгэлийг бууруулах зохисгүй үйлдэл тул аймгийн прокурорын газраас Цагдаагийн газрын даргад гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах, тодорхой ажил зохион байгуулуулахаар мэдэгдэл хүргүүлж ажилласан байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ