Нисэхийн компаниудын хар жагсаалт гаргажээ

Европын холбоонд нислэг үйлдэхийг хориглосон нисэхийн компаниудын хар данс Европын комиссын сайтад нийтлэгджээ. Аюулгүй байдлыг хангах ажлыг муу зохион байгуулж, төрийн зүгээс хяналт тавьдаггүй хэмээн болгоомжилж байгаагаас дэлхийн нийтдээ19 орны агаарын 219 тээвэрлэгч Европын агаарын орон зайд нислэг үйлдэж чадахгүй байна.
Шинжээчид Суринамын “Blue Wing Airlines”, Иракийн “Iraqi Airways” компанийн аюулгүй байдалд эргэлзжээ.Энэ жил зөвшөөрөгдсөн компаниудын жагсаалтаас Замбийн бүх нисэхийн компани, “Air Madagascar” компани, Индонезийн “Citilink”, “Lion Air” болон” Batik Air” компани хасагдсан байна. Үүнээс гадна, Балба, Афганистан, Казахстан, Киргизийн агаарын тээвэрлэгчид хар дансанд оржээ.
Үүний зэрэгцээ Ираны “Iran Air” компанийн нислэгт тавьсан хоригийг цуцласан байна. Энэ компани одоо Боинг-747 нисэх онгоцны нислэгээс бусад нислэгийг ЕХ-нд үйлдэж болох ажээ.
Оросын агаарын тээвэрлэгчдээс нэг ч компани энэ хар дансанд ороогүй байна.
ЕХ-ны орнуудад зорчигч тээвэрлэж байсан нисэх онгоцууд хэд хэдэн удаа осолдсоны дараа 2006 онд Европын комисс хар данс анх удаа гаргасан юм. Тэгэхэд Африкийн голдуу орнуудын 90 гаруй нисэхийн компани уг дансанд орж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ