“Спамын хаан” ял сонсов

Фэйсбүүк нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд 27 сая спам мэдээлэл явуулсан Сэнфорд Уоллес гэдэг америк эр 2,5 жил шоронд хоригдох ял сонсчээ. Мөн Уоллес 310 гаруй мянган долларын хэмжээтэй торгууль төлөх ёстой болов. Америкийн хэвлэлүүд түүнийг “Спамын хаан” хэмээн нэрлэсэн аж.

2008 оны 11 дүгээр сараас 2009 оны гуравдугаар сар хүртэл энэ хүн нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд хор хөнөөлтэй программ бүхий вэб сайтуудыг үзэж сонирхохыг хүссэн урилгыг олноор нь явуулжээ. Тэр сайтууд руу нэвтэрсэн хүмүүс хакеруудад өөрийн хувийн хуудасны бүх мэдээллийг дэлгэчихдэг байсан юм. Ингэснээр фэйсбүүкийн хагас сая орчим аккаунт аюулд учирсан байна.

Энэ хакер эрийн гэмт үйлдлээс болж зөвхөн фэйсбүүк компани хохирсонгүй. “Спамын хаан”-ы бусармаг үйлдэл өнгөрсөн зууны 90-ээд оны үед эхэлсэн аж. Тэгэхэд мань хүн хэнд ч хэрэгцээгүй факсыг ийш тийшээ явуулдаг байсан гэнэ.

2007 онд MySpace нийгмийн сүлжээ түүнийг шүүхэд өгсөн боловч тухайн үед Уоллес шийтгэл хүлээлгүй хоцорч чадсан байна. Харин энэ удаа тэрбээр өөрийгөө залилан хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ