Рио онц байдал зарлажээ

Наймдугаар сарын 5-наас 21-ний хооронд зохиогдох зуны Олимпийн XXXI наадам болоход ердөө тавь гаруй хоног үлдээд байгаа энэ үед Рио де Жанейро хотын Засаг дарга онц байдал зарлалаа. Учир нь Олимпийн тоглолтын зохион байгуулах бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж дуусахын тулд нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ.

Бразил улсын хувьд 1930 оноос хойш учирч байгаагүй томоохон хэмжээний эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа бөгөөд тэрхүү шаардлагатай байгаа санхүүжилтийг хэн хаанаас гаргах нь бүү хэл яг хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байгаа нь ч тодорхойгүй байна.

Одоогийн байдлаар Рио де Жанейро хотын бүтээн байгуулалт дундаас хийгдэж дуусаагүй үлдсэн хамгийн том ажил нь эргийн дагуух дөрвөн амралтын газруудыг хотын төв дэх стадионтой холбох метроны шинэ зам барих ажил бөгөөд ашиглалтад орох хугацаа нь хойшилсны улмаас Олимпийн наадам эхлэхээс хэдхэн хоногийн өмнө буюу наймдугаар сарын 1-ний өдөр болоод байгаа юм.

Болсон үйл явдалтай холбогдуулан Олимпийн наадмыг төлөвлөсний дагуу зохион байгуулах эсэхэд эргэлзсэн хүмүүст зориулан Рио-2016 Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Марио Андрада: “Тэмцээнүүд батлагдсан товын дагуу явагдах болно” гэдгийг мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ