Ш.Уртнасан: Ингэж зориглохгүй бол хотын төвлөрөл Бага тойруугаас гарахгүй

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасантай Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ярилцлаа.

-Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажил ямар шатанд байгаа вэ?

-Нийслэлийн 2020 оны төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагад найман бүсд хувааж байгаа. Өөрөөр хэлбэл найман дэд төвтэй болно гэсэн үг. Одоо бол хот Сүхбаатарын талбайгаа тойрч төвлөрсөн, энд нь худалдаа үйлчилгээ, төрийн байгууллага, эмнэлэг, сургууль бөөгнөрч, нийслэлийн 1.2 сая хүний амьдрал, ажил энэ хэсэгт л өрнөж байна.

Үүнээс болж замын бөглөрөл, түгжрэл, хэт төвлөрөл үүсч, нийгмийн стресс бухимдал бий болдог. Тийм учраас 2030 оны чиг хандлагад Баянхошуу, Долоон буудал зэрэг дэд төв бий болгож, энэ төвлөрлийг задлахаар төлөвлөсөн.

Энэ дэд төв бүрт одоогийн хотын төв шиг бүх зүйл нь байдаг, тухайн иргэн ажлаа гэрийнхээ ойр хийж, бүх үйлчилгээг авдаг болох юм. Ингэснээр өдөр бүр заавал хотын төв рүү бөглөрөн байж явах шаардлагагүй болно.

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хотыг дахин төлөвлөөгүй юм уу?

-Одоогийн төлөвлөлтийг социализмын үед хийсэн. Хүмүүсийн амьдрах газрыг нэг тусад нь, ажиллах хэсгийг нь бас тусгайлан хэдхэн газарт төвлөрүүлсэн, тухайлбал Аж үйлдвэрийн район гэх мэт. Тэгэхээр хүмүүс ажил руугаа бөөнөөрөө явж, орой нь ажлаасаа цугтаа тардаг байсан. Одоо яг ийм байдлаар үргэлжлэхгүй байгаа ч хуучны систем нь хэвээр учраас хотод тулгамдсан асуудлууд арилахгүй байна.

-Тэгэхээр дэд төвүүдтэй болохын тулд орон сууцжуулахаас гадна төрийн байгууллагуудыг тарааж байршуулна гэсэн үг үү?

-Тэгнэ. Үүний хамгийн том жишээ нь Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн V, VI хороо Ханын материалд шилжүүлэн байршуулахаар болсон. Ингэж л зориглохгүй бол хотын төвлөрөл, бөглөрөл Бага тойруугаас гарахгүй.

-Ажлын зураг төсөл бэлэн болсон уу?

-Зураг төслөө хийж байгаа. Энэ ажлыг гэр хорооллын дахин төлөвлөлттэй уялдуулж, Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр зураг төсөл хийж байна.

Ер нь аль ч ажлыг хийхэд зураг төслөө эхлээд тодорхойлсон байх ёстой. Үүний дараа хэчнээн хэсгийг хамарч, хэр олон айлын газрыг чөлөөлөх шаардлагатай, дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийг яаж барих зэрэг бүх тооцоог гаргана. Тэгж байж хэрэгжүүлэх шатанд очих юм. Энэ нарийн судалгааг одоо хийж байна.

-Барилгын зөвшөөрөл олгохдоо төлөвлөлттэй уялдуулах уу?

-Тэгнэ. 2020 оны төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлагад хотын аль хэсэгт орон сууцны хороолол, хаана ногоон байгууламж барих вэ гэх ерөнхий төлөвлөгөөг тусгасан. Үүний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг ИТХ-аар батлуулсан.

Тэгээд тухайн газрын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу хэдэн давхар оффисын, орон сууцны барилга босгохоор тооцоолж, зөвшөөрөл олгоно.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн компаниудаар гүйцэтгүүлнэ гэсэн. Энэ ажил хэр ахицтай байгаа вэ?

-Дахин төлөвлөлтийг Сонгинохайрханы V, VI, Х, Чингэлтэйн XIII, XV, VII хороо, Дэнжийн-1000, 72 дугаар сургууль, МҮОНРТ, Гандан, VII хороолол, Баянзүрхийн VIII, XVI, XII зэрэг 12 байршилд зарласан. Эдгээр тухайлсан байршилд ажиллах аж ахуйн нэгжүүд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын төлөвлөлттэй уялдуулан иргэдтэй тохиролцож, төлөвлөлтөө хийх ёстой.

-Дахин төлөвлөлт хийх компаниудыг иргэд сонгоно гэсэн?

-Иргэдийн саналаар сонгон шалгаруулж байгаа. Компаниуд иргэдэд төслөө танилцуулна. Тэгээд тухайн хэсэгт амьдардаг айл бүртэй тохиролцох юм. Байр орон сууцны асуудалтай байвал “Манайд орон сууцны ийм барилга байна. Та энд амьдарч болно” гэх ч юм уу. Эсвэл түр орон сууцанд амьдарч байгаад дахин төлөвлөлтөөр баригдах орон сууцанд орж болно гэх тохиролцоо ч байж болно. Эдгээр ажлыг тухайн компани хийсний дараа ИТХ-ын дэргэдэх Төслийн удирдах хороо хэлэлцэж, сонгоод гурвалсан гэрээ хийнэ.

-Газар чөлөөлчихөөд дараа нь асуудал гарах вий гэх болгоомжлол олон нийтэд бий. Иргэдэд хэн баталгаа гаргах вэ?

-Төр хариуцлага хүлээнэ. Өөрөөр хэлбэл иргэдэд хотын захиргаа баталгаа гаргах юм. Иргэдийн газрыг чөлөөлчихөөд тэр ажлыг цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд нийслэл оролцох зайлшгүй шаардлагатай. Компани зах зээлийн зарчмаар иргэдтэй гэрээ байгуулсан л бол төр баталгаа гаргаж өгнө гэсэн үг.

-Зах зээлийн зарчмаар шийднэ гэхээр иргэдийн газрыг тодорхой ханшаар үнэлээгүй гэсэн үг үү?

-Хатуу ханш тогтоохгүй. Өөрөөр хэлбэл иргэдийн газар нэг м.кв нь тийм үнэлгээтэй байна гэсэн асуудал байхгүй. Тухайн үеийн зах зээлийн ханшаар л үнэлнэ. Дэнжийн-1000-д байдаг зам дагуух айлын хашааны газраар жишээлэхэд, тэр хэсгийн бусад газрууд үл хөдлөх зуучлалын компаниудаар ямар ханшаар зарагдаж байгааг харгалзан үнэ тогтооно гэж ойлгож болно.

-Түр орон сууцуудыг барьж байгаа юу?

-Дахин төлөвлөлтийг хийх компаниудад түр орон сууцтай байх шаардлага таввж байгаа. Нэлээд хэдэн орон сууц босчихсон. Ихэнх компаниуд одоо барьж байна. Энд нэг зүйл онцлоход, энэ компаниуд ер нь барилгын чиглэлээр ажилладаг. Энд тэнд барилга барьчихсан. Тэндээ иргэдийг түр байлгах сонирхолтой. Эсвэл иргэдтэй тохиролцоо хийхдээ бэлэн орон сууцуудаараа газар солих санал тавьж байна.

-Түр орон сууц төлбөртэй юү?

-Төлбөргүй. Иргэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөөд тэнд түр амьдарна. Цахилгаан, дулаан, СӨХ-ны мөнгө зэргийг л төлнө.

-Дахин төлөвлөлтийн хүрээнд хэчнээн айлын орон сууц босгох вэ. Ер нь гэр хороололд хэр олон өрх бий бол?

-Энэ хүрээнд 40-өөд мянган айлын орон сууц босно. VII хороололд л гэхэд 10 гаруй мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Дэнжийн-1000 орчимд 12 мянган айлын орон сууц босно. Улаанбаатар хотын хэмжээнд 80 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна.

-Хаус хороолол хаана босох вэ?

-Төлөвлөлтөд таун хаус, хаус хотхоны байршлыг бас тусгасан. Тухайлбал 72 дугаар сургууль орчмын зам дагуу орон сууцнууд бослоо гэхэд ард нь хаус хороолол босно. Гэхдээ хаус гэдэг нь зардал өндөртэй. Гурван өрөө, 100 м.кв хауст амьдарч байгаа айл орон сууцны гурван өрөө байранд амьдрахаас хэд дахин их зардалтай.

Орон сууцны айл сард 100 мянган төгрөг ашиглалтын зардалдаа өгдөг бол хаустай нь 300 мянгыг төлөх жишээтэй. Тиймээс бид иргэддээ сонголт хийх боломж олгох үүднээс төлөвлөлтөд бүгдийг нь оруулсан.

-Хот төлөвлөлтөд тулгамдаж буй асуудал олон. Цахилгаан, дулаанаас эхлээд шийдвэрлэх зүйлүүд мундахгүй олон бий. Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө эдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улаанбаатар хотын хувьд дулааны асуудал хамгийн хүндрэлтэй. Баруун хэсэгт ДЦС-IV, III зэрэг дулааны эх үүсвэр байдаг ч хангалтгүй. Харин зүүн хэсэгт баригдаж байгаа УУС-15-аас 300 мВт-ын эрчим хүч гарна. Түүгээр зүүн хэсгийн дулааныг хангана гэж байгаа ч ДЦС-V баригдахгүйгээр цаашид хотыг тэлэхэд хүндрэлтэй. Одоо төлөвлөөд байгаа 12 байршлын дулааныг өнөөгийн хүчин чадлаар хангаж болох ч Баянголын ам, Буянь-Ухаад орон сууц босоод ирэхээр хүрэхгүй.

Тиймээс Засгийн газраас 118 дугаар тогтоол гаргаж, төсөв баталж, дулааныг шийдэхээр болсон. Ер нь гэр хорооллыг барилгажуулахад дулаан, бохирын асуудал хамгийн хэцүү нь. Бохирыг хэсэгчилсэн байдлаар 2000-3000 айлын дунд яаж шийдэх вэ гэдгийг судалж байна. Манайд Чех, Герман, Хятадын технологийг нэвтрүүлэх боломж бий. Эдгээр улс бохирыг хэсэг, хэсгээр шийдвэрлэх технологи хэрэгжүүлж байгаа нь манайд тохирно.

Тэгэхгүй бол ганц Төв цэвэрлэх байгууламжид найдах ямар ч аргагүй болсон. Аль 1950-иад оны үед баригдсан болохоор одоогийн нөхцөлд хүчин чадал нь хүрэлцэхгүй, лаг шавар нь ч дийлдэхээ больсон.

-Төв цэвэрлэх байгууламжийн бодит хүчин чадал нь хэр их вэ?

-Тэр үед нийслэлийг төлөвлөхдөө хамгийн ихдээ 800 мянган хүн амтай болно гэж тооцоолсон. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд 600 орчим мянган хүнд л зориулагдсан. Гэтэл өнөөдөр нийслэл хотод 1.2 сая хүн амьдарч байна гэхээр бид зайлшгүй нэг шийдэлд хүрэх шаардлагатай болсон.

-Орон сууцны шинэ хорооллууд босч байна. Ялангуяа Хан-Уул дүүрэг, Зайсан толгой орчимд шинэ барилга олширсон. Эдгээрийн бохирыг яаж шийдвэрлэсэн юм бол?

-Хэсэгчилсэн байдлаар дор бүрдээ шийдээд явчихдаг. Зайсангийн тухайд тэр хавийн газар яамны харьяанд байдаг.

-Хот төлөвлөхөд хөрөнгө мөнгөний асуудал тулгарч байна уу?

-Дахин төлөвлөлтийн 12 байршлын шугам сүлжээний хөрөнгийг Засгийн газрын тогтоолоор шийдсэн. Энэ ажилд нийслэлээс гадна төрөөс онцгой анхаарч байгаа учраас хөрөнгө мөнгөний тал дээр асуудал нэг их гарахгүй.

-Ярилцсанд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ