“Хадгаламж банк” хятадуудын мэдэлд очих уу?

Ойрын үед "Хадгаламж банк"-ийг хятадуудад зарах гэж байна гэсэн шуугиан эдийн засгийн хүрээнийхний дунд нэлээд хүчтэй яригдах болов. "Жаст групп" ашиггүй ажиллаж байна хэмээн зарах болж гадаадын гурван байгууллага санал ирүүлжээ. "Жаст групп"-ын захирал Ш.Батхүү хятадуудын санал дээр тогтсон тухай эх сурвалж мэдээлсэн юм. Тэрбээр "Хадгаламж банк"-ны 90 хувийг зарах шийдэлд хүрээд буй аж. Гэхдээ одоохондоо банкийг өгч авалцсан шийдвэр хараахан гараагүй байгаа юм байна. Тус группынхнээс албан ёсны тайлбар авахыг хүссэн боловч тэд энэ талаарх мэдээллийг нууцалж буй бололтой дорвитой хариулт өгсөнгүй. Харин "Хадгаламж банк"-ны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Баянхангай ийм тайлбар өгөв. "Хадгаламж банк"-ны хөрөнгө оруулагчдын бүтцэд өөрчлөлт орж гадныханд зарагдсан гэх мэдээлэл ташаа. Бид ууган "Хадгаламж банк"-ны уламжлалт үйлчилгээ болох орон сууц, нийтийн аж ахуй, нийгмийн халамж, тэтгэвэр, хадгаламжийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэж, тэдний цаг завыг хэмнэж амьдралыг хялбарчлах дэвшилтэт технологид суурилсан цахим банкны үйлчилгээнүүдийг нэвтрүүлсэн. "Хадгаламж банк" Монгол Улсын бүх аймаг, сумдад 500 гаруй салбар нэгжтэй, 3000 гаруй ажиллагсадтай, 1 их наяд гаруй төгрөгийн активтай, салбартаа хамгийн том дүрмийн сантай, харилцагч нарын итгэл хүлээлгэсэн үндэсний банк болсон" гэлээ. Харин “Жаст групп”-ын нэгэн ажилтан "Хадгаламж банк"-ийг зарах тухай яриа сонссон. Гадаадын хэд хэдэн байгууллагаас санал ирсэн гэсэн. Яг хэдийд зарах, хөрөнгө оруулагч гэдэг байдлаар банкны хүрээг өргөжүүлэх эсэхийг мэдэхгүй. Захирлуудын түвшинд яригдсан юм шиг байна лээ гэв. "Хадгаламж банк"-ийг зарах тухай асуудлыг түр хойш нь тавиад түүх сөхье.
Энэ банк 1996 онд төрийн 100 хувийн өмчлөлийн банк хэлбэрээр анх үүсгэн байгуулагдсан. Монгол Улсын Төрийн өмчийн хорооноос 2006 оны дөрөвдүгээр сард зарлагдсан "Хадгаламж банк"-ийг хувьчлах тендерийн ялагч болох "Чингис хаан" банк, "Монгол даатгал" компани болон ОХУ-ын "Народный братский банк" гэсэн гурван этгээдийн консорциумд "Хадгаламж банк"-ийг өмчлөх эрхийг 2007 оны хоёрдугаар сарын 23-нд шилжүүлснээр нийтлэг үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хувийн өмчийн банк болжээ. "Хадгаламж банк"-ийг хувьчилж авсан "Чингис хаан" банк, "Монгол даатгал" компани болон ОХУ-ын "Народный братский банк"-ны консорциум нь тус банкийг ОХУ-ын "Коалка групп”-т худалдах хэлцлийг 2007 оны эцсээр хийж, улмаар энэхүү хэлцэл нь 2007 оны арванхоёрдугаар сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болсон байдаг. ОХУ-ын "Коалка групп"-ээс "Хадгаламж банк"-ийг худалдаж авах хэлцлийг "Жаст групп" нь 2009 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, хэлцлийг 2010 оны дөрөвдүгээр сард багтаан дуусгаснаар "Хадгаламж Банк"-ны хувь нийлүүлэгч нь 100 хувь "Жаст групп" болсон. "Жаст групп" нь 1999 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалт, мал бэлтгэл, мах боловсруулах үйлдвэрлэл, ашигт малтмалын олборлолт, баяжуулалт, гадаад худалдааны чиглэлд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 хувийн Монголын хөрөнгө оруулалттай компани гэгддэг. Тус группын бүрэлдэхүүнд түүний газрын тосны бүтээгдэхүүний импорт, борлуулалтыг эрхэлдэг "Жаст Ойл" ХХК, мал бэлтгэл, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхэлдэг "Жаст Агро" ХХК, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын үйл ажиллагааг эрхэлдэг "Олон Овоот гоулд" ХХК, гадаад худалдааны үйл ажиллагааг эрхэлдэг "Меркентайл хаус" ХХК-иуд багтдаг.
ОЛОН ОВООТЫН ОРДЫГ Г.АЛТАНЭЗЭМШДЭГ ҮҮ?
Үндсэндээ "Зоос банк"-ийг тухайн үед эрх барьж байсан хүмүүс дампууруулахад "Жаст групп" Олон овоотын ордны лицензийг авахын тулд тохиролцоо хийж "Хадгаламж банк"-ийг тодорхой нөхцөлтэйгөөр авсан. Тухайн үед "Зоос банк"-нд "Алтжин" компанийн захирал Г.Алтангийн хүүгийн нэр дээрх хадгаламж байсан. Их хэмжээний хадгаламжаа Г.Алтан татаад эхлэхээр "Зоос банк" дампуурах нь тодорхой байв. "Жаст групп" Г.Алтан төрийн нөлөө бүхий хүний оролцсон гурвалсан нууц гэрээ бий. Нөлөө бүхий хүн нь Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдорж байсан гэдэг. Тухайн үед 8000 байсан банкны хувьцааг 1000 төгрөгөөр худалдаж авсан байдаг. Үндсэндээ хоёр тэрбум төгрөгөнд хувьцаа худалдаж авсан нь хожим илэрсэн гэх яриа бий. Тэр үед "Зоос банк"-ны хувьцаа 8000 төгрөг байв. Хоёр тэрбум төгрөгийн хувьцаагаа бариад Г.Алтан "Жаст групп"-тэй нэгдсэн байдаг. Үндсэндээ тэдний хамтрал эцсийн дүндээ Олон овоотын орд байсан. "Жаст" групп Олон овоотыг авсан нэр зүүж явсан бол саяхан Г.Алтан энэ ордыг эзэмших болсон гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж буй юм. Энэ бүх үйл явдлууд нь "Жаст групп"-т хөдөлгөөн орсныг илтгэж байгаа юм. Зарим хүмүүсийн таамгаар энэ группын ард оросууд байдаг. Тэд хөрөнгө оруулсан мөнгөө авах шийдвэр гаргасан нь "Жаст групп"-т ийн нөлөөлж байгаа байх гэж үзэж буй юм. Хятадууд бол манай улсад бодлого барих нь чухал болохоос хэдэн төгрөгөөр банк авах нь чухал бус. Өнөөдөр оросуудын гэх тодотголтой банк олон бий. Харин хятадуудын гэж нэрлэгддэг банк байхгүй. Тэдэнд Монголд банк аваад ашиг олохоосоо илүү хятад бодлого явуулах нь чухал.
Чухам ямар учраас "Жаст" "Хадгаламж банк"-ны 90 хувийг зарах гэж байна гэдэг нь анхаарал татаж буй юм. 10 хувь юуг өөрчилж, нөлөөлж чадна гэж. Шийдвэр гарахад хүчин мөхөстөнө. Олон жилийн бодлогыг тодорхойлж чадахгүй. Харин ажиглаж дотоод асуудалд нь хяналт тавих боломж бий. Гэхдээ энэ нь "Жаст групп"-т ямар ашигтай вэ. Эдийн засагчид бол ямар ч ашиггүй, тэгэхээр тэр 10 хувь зуучлагч талын мэдэлд очих хувь байх гэсэн таамаг гаргаж байгаа юм.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ТАЛААС ГАРАХ ХӨНӨӨЛ
Хэрэв хятадуудад тус банк зарагдчихвал Үндэсний аюулгүй байдал талаасаа ямар хөнөөл тарьж болох вэ. Энэ бол зүгээр таамаг л даа. "Хадгаламж банк" эх орны хишиг, тэтгэвэр тэтгэмжийн мөнгө тараадаг банк болж өргөжсөн. Монгол Улсын бүх аймаг, сумдад 500 гаруй салбарнэгжтэй. ХААН банктай ижил хэмжээнд өргөжсөн. Энэ нь хятадуудад өөрсдийн тоглолтыг дураараа хийх бүрэн боломжийг авчирч мэдэх юм. Тухайлбал, малчид тариалан эрхлэгчид газраа, малаа банкуудад тавиад туучихвал яах вэ. Нэг л мэдэхэд хөдөө мал хариулаад явж буй хятад хүнтэй таарахад нэг их гайхахгүй болж мэдэх юм. Оросууд бол Монголд ирээд мал хариулна гэж байхгүй. Харин хятадууд бол ингэж чадна шүү. 500 гаруй салбараар Монголын олон ч юмыг хурааж, хумьж болох бодлогыг хийх боломж харагдаж байгаа юм. Хэрэв тус банкийг зарвал түүнээс гарч болох сөрөг үр дагавар нь энэ. Муу амлаж байгаа ч юм биш сэрэмжлүүлэх үүднээс энэ асуудалд хандаж буй юм. Түүнээс өнөөдөр банк хэдээр зарагдах, хэдэн төгрөгийн гүйлгээ хаашаа хэрхэн явагдах нь сонин биш. Хожим гарч мэдэх үр дагавар тусгал нь монголчуудад хэрхэн буух вэ гэдэг нь чухал юм.
Монголбанк дээрх банк зарах асуудлыг мэдээгүй байгаа гэнэ. Учир нь албан ёсоор тийм мэдээлэл ирээгүй аж. Монголбанк одоохондоо арилжааны банк шинээр байгуулах зөвшөөрлийг өгөхгүй байгаа. Албан ёсны шийдвэр гараагүй ч ийм бодлого барьж байгаа бололтой. Нэг ёсондоо банк байгуулах зөвшөөрөл олгохгүй байгаа учир хятадуудад "Хадгаламж банк" том "хоол" байх нь мэдээжийн явдал. Энэ бүхний эцэст Хадгаламж банк юу юугүй гадныханд очих гээд байна гэж бас ойлгож болохгүй. Энэ бол ярианы түвшинд л байгаа болохоос шийдвэрлэгдсэн зүйл байхгүй. Мөн нэгэнт хэвлэл мэдээлэл олон нийтэд цацагдаад байгаа мэдээлэл учраас үнэн эсэхийг нь тодруулж уншигчдад хүргэх гэсэн зорилго л юм.
Г.ЯЛГУУН
medee.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ