Э.Бүжмаа: Солонгос кино, согтуурал хоёр стресс өдөөгчид юм

“Хэрэлдсэн хос хялалзан хоёр тийш бололгүй, хөтлөлцөөд сэтгэлзүйчид очдог цаг ирнэ ээ” хэмээн ярих бүсгүй СЭМҮТ-ийн Анагаахын сэтгэл судлаач, сэтгэлзүйч Э.Бүжмаа эмч юм.

Бид цаашид сэтгэлзүйчийн тогтмол булан ажиллуулж, уншигчдынхаа сонирхсон асуултад хариу өгөх болно. Дээрх эмнэлгийн мэргэжлийн сэтгэлзүйчид танд зөвлөнө гэсэн үг. Эхлээд, стресс хэмээх нийгмийг хамарсан эмгэгийн талаар энэ эмчтэй ярилцсанаа хүргэе.

-Стресс гэж юу болохыг энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

-Стресс нь хүчдэл гэдэг грек үгээс гаралтай нэр, томьёо. Дүүлгэвэл, сөрөг сэтгэл гэх юм уу даа. Бухимдал, гутрал, гоморхол, үзэн ядалтаар илэрдэг сэтгэцийн үзэгдэл гэсэн ч болно. Нэг ёсондоо гадны нөлөөгөөр буруу, муу бодол тээхийг хэлээд байгаа юм. Нийгэм, хамт олон, гэр бүл, хувийн гээд олон шалтгаантай. Нийгмийн зүгээс ядуурал нөлөөлөх нь мэдээж. Үргэлж талх бодож явна гээд төсөөл дөө. Архидалт ч адилхан. Уршиг нь мөн л стресс. Хэрүүл маргаан, салж сарних, дотны хүнээ алдахыг гэр бүлийнхэд хамруулна.

Одоо ч алхаад л стресстэнэ шүү дээ. Зам түгжрэхийг хараад хэний ч сэтгэл тавгүйтнэ. Тухайн үед өөрөө анзаараагүй мэт ч, далд ухамсарт нь хуримтлагдаад байдаг зүйл юм. Яван явсаар архаг ядаргаанд хүргэнэ. Ядаргаанд орсон хүний авир эвдэрдэг. Бие нь сульдаж, тамирдана. Хөлрөнө, багахан юмнаас цочино. Тэгээд нойргүйднэ. Өдөржин муу бодол тээсэн хүн унтахдаа тэрийгээ лавшруулж бодоод нойроо хулжаадаг. Тэгж тэгж, тэлчилж, тэлчилж унтах үед нөгөө бодол нь зүүд болоод хувирчихна.

Зүгээр зүүдлэхгүй, хар дараад, усан хулгана болтол хөлрөөд, див давхийгээд ямар сайн байхав. Айдас тээнэ. Бүр харанхуйн айдас ч гэдэг. Бүрэнхий болоод ирэхээр л эвгүйцээд явчихна шүү дээ. Нойргүйдснээс ядаргаанд орж, тэр нь хууч өвчнийг нь сэдрээнэ.

Тэгснээр дархлаа нь буурдаг юм. Хоол боловсруулах эрхтний зүгээс эмгэг илэрнэ. Эхлээд үрэвсэл байснаа, яваандаа шарх, хавдарч болох нь бий. Стрессийн гаралтай ходоодны шарх гэсэн онош ч байдаг. Ийм л урхагтай даа. Монголчуудын ярьдаг хар гэдэг юм бий дээ. Сэтгэцийн эмгэг байхгүй юу. Хартай хүн ханиасаа гадна, хам олон, хавийнхнаа зовоодог.

Бүр стрессэд оруулна ш дээ.Солонгосын сериалууд байна. Ихэнх нь хэрүүл. Хоёр нөхөр маргалдаад, хавдартай шаналсан хүн гараад, биенээ үзэн ядаж, өс санаад, ямарч аргаар хамаагүй хорон санаагаа хэрэгжүүлэх гээд л зүтгэдэг шүү дээ. Тийм юм үзэхээр өөрийн мэдэлгүй гол дүрд нь орж, үйл явдлыг нь хөөн, нэгэнд нь санаа зовж, нөгөөг нь үзэн ядна. Тэгээд л дотроо бөөн уцаар тээсэн амьтан болчихно. Хүнд далд ухамсрын тархи гэж байдаг. Эерэг, сөрөг сэтгэл тэндээс гардаг юм. Солонгос кино үзэж байхдаа далд ухамсартаа буюу дотроо дагаж хэрэлдээд байдаг.

Гаднаа бол зүгээр үзээд л сууна. Хэзээ нэг цагт, хэн нэгтэй хэрэлдэх болоход, амьдралдаа огт хэлж байгаагүй үгээрээ хараагаад, “Золиг минь, новш минь” гээд л босоод ирнэ шүү дээ. Ялангуяа багачууд, өсвөр насныханд онц хортой үзэгдэл юм. Далд ухамсарт хадгалагдсан зүйлс нэг л мэдэхэд тэсрээд сүйд хийнэ ш дээ. Биеэ барьж чаддаггүй хүнд стресс их аюултай.

Стрессийн гаралтай тэсрэлт 10 секунд үргэлжилдэг гэсэн судалгаа бий. Ёстой л дүрэлзээд, асаад, хутга шөвгөндөө тулаад өнгөрсөн байдаг. Хожим нь хичнээн харуусавч залруулж болшгүй алдаанд хүргэх нь элбэг.

-Стресстэй гэдгээ яаж мэдэх вэ?

-Ядаргааны ерөнхий шинжээр илрэх нь элбэг. Сэтгэл түгшинэ. Бухимдах, айх, ичих, гэмших, харамсах, өөрийгөө буруутгах, сэтгэлээр унах, үзэн ядах, хүчирхийлэх нь стрессийн гол шинж гэхэд болно.

За тэгээд, мартамхай, анхаарал сарних, сэтгэн бодох чадвар муудах, байнга шаналах гээд яривал барагдахгүй. Шалтгаангүй зөрүүдлэх, хачин авир гаргах, огцом уурлах, юу хийснээ, хийж байгаагаа мэдэхгүй болох, заримдаа сэтгэц өөрчлөгдөх нь стресс мөн.

-Жаахан задлах уу. Стрессийн гаралтай таргалалт гэж ярьдаг болж?

-Байна аа. Хэт бухимдалтай хүн хяналтгүй иддэг юм. Бүр тогтоогдсон зүйл. Хэзээ хоол идсэнээ ч санахгүй. Идээд л, идээд л... Эмчлэхэд хэцүү. Эмээр тэр болгон эдгэхгүй. Стрессийг нь тайлж байж л эмчилнэ дээ. Зарим нь бүр эсрэгээрээ. Хоолноос гарчихна. Юу ч идэхгүй, гөлийгөөд л яваад, суугаад байна. Тураалд ч ордог юм. Тэр нь эсийн түвшинд явагдах учир эмчилэхэд мөн л төвөгтэй. Заримд нь сэтгэцийн эмгэг ч илэрнэ. Стресс их юм дагуулна аа.

-Сүүлийн үед гараад байгаа харгис, хэрцгий хэргүүд стрессээс үүдэлтэй гэж ойлгож болох уу?

-Ердөө л хуримтлагдсан их стрессийн тэсрэлт. Амьдралынхаа туршид бухимдсаар, хадгалсаар, хорссоор, үзэн ядсаар, хүчирхийлсээр яваад гэнэт тэсрэхдээ тэгж илэрч байгаа юм.

Түүнээс биш гэрлэнгүүтээ эхнэрээ нүдээд, төрөнгүүт ньүр хүүхдээ зодоод байхгүй ш дээ. Дагавар хүүхдээ ч гэсэн нэг гэрт орсон өдрөө зодоод байдаггүй биз дээ. Мэдээллийн зууны нэг гай буй. Өдөр, шөнөгүй хар мэдээ үзэж, сонсдог нь стресст хүргэх нь тодорхой. Далд ухамсраар дамжиж явагддаг юм.

-Энэ бүхнээс тэгээд яаж салах вэ. Яавал стрессгүй амьдрах вэ?

-Стресстэй гэдгээ эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Архичид архичнаа зөвшөөрдөггүйтэй төстэй шүү. Зовлонгоо бусадтай хуваалцаж байх. Нулимс стресс тайлдаг гэж үнэн. Эмэгтэйчүүд зовлонгоо бусадтай хуваалцан, сэтгэлээ онгойтол яриад, нулимс унагачихдаг давуу талтай. Өөрийгөө зоригжуулж бай. Бяцхан амжилтаа ч гэсэн дөвийлгөж бай. Хоол, ундаа тохируул.

Дээр хэлсэн шиг хэт идэж, хэтэрхий хорьж болохгүй. Сайн унтаж амар. Стресс тайлдаг гэх элдэв эм, бэлдмэл бүү уу. Байгалийнхаараа унтахыг хичээ. Биеийн тамир, хүчний ажил сайн шүү. Сонирхсон зүйлээ хийж, сайхан үзвэр үзэж, сайн амар. Байгальд ойрхон бай гээд олон юм бий. Хамгийн гол нь сэтгэлийн хаттай байх хэрэгтэй.

-Манайхан стресс тайлна гээд эр эмгүй, хөгшин залуугүй архидаж, пиводдог аргатай болжээ. Тэгж тайлж болох уу?

-Согтуурснаар стресс тайлагдахгүй, улам архагшина. Эхлээд түр зуур сэтгэл хөдлөх нь таатай мэдрэмж төрүүлдгийг тэгж буруу ойлгоод байгаа юм. Төдөлгүй, буруу бодол нь улам лавшраад, агсам согтуу, гоморхол тунирхал, өшөө хорсол болдог. Түүнээс чинь согтуугаар үйлдсэн хэрэг гэгч гарна даа. Төгсгөл, үр дүн нь ийм юм.

- Таны үгээр өндөрлөх үү?

-Сэтгэлзүйч гэдэг мэргэжил одооноос л эрэлттэй болж байна. Манайхан юм л болвол эмч рүү гүйдэг. Эхлээд сэтгэлзүйчид хандах учиртай. Заавал өвчтэй гэлгүй, эрүүл хүн ч тэгж болно. Хөгжилтэй орнуудын кинонд гардаг даа. Гэр бүлийн хоёр ам муруйнгуутаа л сэтгэлзүйчид очдог биз дээ. Тэгэх хэрэгтэй. Сэтгэлээ засчихвал биеийг засах амархан гэдэг байх аа. Хэрэлдсэн хос хялалзаад хоёр тийш бололгүй, хөтлөлцөөд сэтгэлзүйчид очдог цаг ирнэ ээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ