Т.Хулан: Нөхөртөө их удаан "найрагдсан" шүү

Бид энэ удаагийн зочноороо УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Т.Хуланг урилаа. Түүнтэй ярилцахаар Улсын драмын эрдмийн театрыг зорьсон юм. Тэр нэгэн хүүхдийн жүжгийн бэлтгэл хийж байсан бөгөөд биеийн тамирын хослол өмсөөд, үүргэвчтэй цүнх үүрээд, хэдэн ном тэврээд зогсож байсан нь өхөөрдмөөр харагдаж байсан шүү.

-Ямар жүжгийн бэлтгэл хийж байгаа юм бэ?

-Намар наймдугаар сард нээх хүүхдийн жүжиг сургуулилтдаа орчихоод явж байна. БСШУЯ-наас санхүүжүүлж байгаа энэ жүжгийг М.Түвшин найруулагч “Норовын намтар” хүүхдийн өгүүллэгээс санаа авч орчин үеийн сэдэвтэй болгон тавьж байгаа. Бид хоёр сар ажиллаж байна. Жүжгээ энэ сарын 16-нд Яаманд үзүүлж, хянуулчихаад ирэх наймдугаар сард нээхээр ажилаж байна даа.

-Энэ жүжгээрээ юуг харуулахыг зорьж байна вэ?

-Сүүлийн үед хүүхдүүд PC тоглоомонд донтоод байгаа талаар харуулахыг зорьж байна. Нээрээ л донтчихсон байгаа л даа. СЭМҮТ-д бүр донтсон хүүхдүүдийн тусгай тасагтай болсон гэсэн. Энэ аймшиг шүү.

-Та ямар дүрд тоглож байна?

-Би Жимсээ гээд охины дүрд тоглож байгаа. Норовтой бүр багаасаа найзалдаг байсан охины дүр л дээ. Норов бол сахилгагүй, нэг ёсондоо бол муу талын баатар, харин би онц сурдаг, томоотой, зарчимч, нэг ёсондоо сайн талын баатар юм уу даа. Тэгээд буруу зам руу орох гэж байгаа Норов зөв хүнээ олж муу замаас татагдаж байгаа тухай өгүүлэх юм.

-Театрын уран бүтээлээс гадна киноны уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Кинонд тоглох санал одоогоор байхгүй. Нэг санал ирсэн ч тэр киног хийх хугацаа нь хойшилчихсон.

- Ер нь жүжигчид хэзээ арай жаахан амсхийдэг юм бэ?

-Шинэ уран бүтээл туурвихын тулд жүжигчнээс ямар их хөдөлмөр, шаналал, ажлын ачаалал шаарддаг гэж санана. Нэг ажил хийх гээд эхлүүлчихсэн байх үед тархи хэзээ ч амардаггүй гэдэг үнэн. Шөнө унтаж байхад хүртэл нөгөө “зүйл” маань бодогдож л байна. Ингээд нэг уран бүтээл дуусч нээлтээ хийх тэр мөч л бидний амралт болдог. Тэр үед хачин гайхалтай тайвшрал мэдэрдэг юм. Дараа нь үзэгчдийн чин сэтгэлийн алга ташилт, урмын үг сонсох мөч уран бүтээлчид бүхнээс том шагнал байдаг. Ингээд нэг сайхан амармаар санагдана. Гэвч дараагийн уран бүтээл гэж мөн л өмнөх шигээ том даваа хүлээж байдаг юм даа.

-Хүүхдийн баярыг хэрхэн өнгөрөөв дөө?

-Дэлхийн зөн олон улсын байгууллага, Найрамдал зуслан хамтраад “1000 хүүхдийн баяр” гэж жил бүр хүүхдүүдийг баярлуулдаг. Тэнд очсон. Тэрнээс гадна гэр бүлтэйгээ хамт баяраа сайхан тэмдэглэсэн. Ээж болсон хүнд хүүхдийн баяр их чухал баяр болчихдог юм билээ. Бас “SBN” телевизийн “Нахиа” хүүхдийн хөтөлбөрөөс намайг “Хүүхдүүдийн хайртай авьяаслаг эмэгтэй жүжигчин”-ээр шалгаруулсан. 7500 гаруй хүүхдийн саналаар шалгаруулсан гэсэн. Надад их гоё санагдсан шүү.

-Хүү чинь ой өнгөрчихсөн үү, ээж болох үед төрсөн мэдрэмжээсээ хуваалцаач?

-Миний хүү хоёр ой хүрч байна. Эмэгтэй хүн бүр төрдөг болохоор ач холбогдол өгдөггүй юм шиг байгаа юм. Эмч нар ч гэсэн хорвоогийн жам гээд нэг их хайхрахаа больчихсон байдаг юм билээ. Гэхдээ энэ миний хувьд маш агуу зүйл байсан. Байдаг л нэг зүйл бол биш.

-Хоёр ойтой гэхээр одоо ёстой хөдөлгөөнтэй үе дээрээ байгаа юм байна даа?

-Харин тийм ээ. Хөлд орчихсон болохоор хөдөлгөөн ихтэй юм аа.

-Авьяас илэрч байна уу?

-Илрээд байгаа шүү. Бусад хүүхдүүдийн дунд оруулчихаад ажиглаад байхаар их урлагийн мэдрэмжтэй юм шиг байна билээ. Ямар ч байсан их л хөгжимлөг хүүхэд дээ.

-Ажилдаа орчихсон гэлээ. Хүүхдээ хэнд даатгаж байна?

-Хоёр эмээ нь ээлжлээд хардаг юм аа. Тэгээд аав нь завтай үедээ бас харна. Би гэдэг хүн тэгээд ажил тарлаа л бол гэрийн зүг ум хумгүй тэмүүлдэг болсон шүү дээ. Миний амьдралын баяр баясал, аз жаргал бол миний хүү.

-Танай хүү ээж аавынхаа хэнтэй нь адилхан бэ?

-Аль алинтай нь адилхан л гэдэг. Гэхдээ ерөнхийдөө аавтайгаа адилхан даа.

-Ойрын хугацаанд хүүхэдтэй болох төлөвлөгөө байгаа юу?

-Хүүгээ гаргаад бараг гурван жил уран бүтээл зогсчихсон байсан. Тийм болохоор нэг хэсэгтээ уран бүтээлдээ анхаарлаа хандуулна. Уг нь хүүхэд олон байх тусмаа сайн л даа. Биднээс үлдэх ганц зүйл л хүүхэд шүү дээ. Гэхдээ би олон хүүхэдтэй байж чадахгүй л юм шиг байгаа юм. Уран бүтээлч хүнд бүр хэцүү.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач?

-Манай нөхөр найруулагч мэргэжилтэй. Бид хоёр оюутан байхын найзууд байсан. Харин төгссөнөөсөө хойш амьдралаа холбосон. Жүжигчин Дашхүү агсаны хүү найруулагч Галбадрах гэж хүн бий.

-Оюутан байхдаа нэгнийгээ хайрын харцаар хардаг байсан уу?

-Үгүй ээ. Оюутан байхдаа ёстой тийм харцаар хардаггүй байсан шүү. Тэгээд төгсөх гээд дипломын жүжгэн дээр хамтарч ажиллаж байхдаа манай хүн намайг анзаарч, эмэгтэй хүн гэж харж эхэлсэн гэсэн. Харин би найз гэж ойлгоод л явдаг байсан. Тэгээд сургуулиа төгсөөд манай хүн нэг студи байгуулаад хамтарч нэвтрүүлэг энэ тэр хийж байсан үеэс л намайг найрч эхэлсэн дээ.

-Тэгээд хэр удаан найрагдаж байж эхнэр нь болов доо?

-Их удаан найрагдсан. Жил гаран миний хойноос гүйгээд, тэгээд үерхэж эхлээд хоёр жил болоод тэгээд суусан даа.

-Гэрлэх санал ингэж ч, тэгж ч тавьсан гээд л хүмүүс ярьдаг шүү дээ. Таны нөхөр яаж санал тавьсан бэ?

-Нэг их сүрхий юм болоогүй ээ. Хоорондоо ярилцаж байгаад л шийдсэн асуудал.

-СУИС-ийг хэзээ төгссөн бэ, Анх “Х ТҮЦ” продакшнд ажиллаж байсан шиг санагдаад байна?

-Сургуулиа төгсөөд 2004 онд “Х ТҮЦ” продакшнд орсон л доо. Тэгээд 2006 онд тэндээс гараад Драмын театрт орсон. Тэгээд тэнд дагалдан жүжигчин маягаар ажиллаж байгаад үндсэн жүжигчин болоод одоо хүртэл ажиллаж байна.

-“Х ТҮЦ” продакшнаас яагаад гарсан юм бэ, хошин урлаг зохихгүй юм шиг санагдсан уу?

-Би анхнаасаа Драмын театрт орох хүсэлтэй байсан л даа. Даанч тэр үед театр маань шинэ залуу жүжигчин авахгүй байсан болохоор хошин урлагт хэсэг хүч үзсэн. Тэгээд Хоёр жилийн дараа шинэ залуу жүжигчин авах гэж байна гэсэн сургаар ирж байсан. Ер нь манай театр их олон жил залуу жүжигчид аваагүй.

-Дэлхийн сонгодог жүжгийн зохиолуудаас дүр бүтээж залуу насаа мөнхлөхсөн гэх бодол бий биз?

-Байлгүй яахав. Надтай хамгийн ойр нь Жульеттагийн дүр шиг санагддаг юм. Энэ дүрд нэг тоглоод, өөрийнхөө залуу насыг үлдээхсэн гэж боддог юм. Жүжигчин хүний харагдах тал гэж бий. Энэ талаасаа Жульетта надад арай ойр санагддаг. Миний өөрийн бодож явдаг дүр гэвэл энэ байна. Мөн дараа нь Монголын түүхэн жүжиг, кинонд тоглохсон гэж хүсдэг. Монгол кинонд түүхэн дүр бүтээхийг хүсдэг дээ.

-Драмын жүжигчдийн хооронд өрсөлдөөн хэр их байх вэ?

-Их шүү. Мэдээж өрсөлдөгүй яахав. Тэгж байж олон хүмүүст танигдаж, сайн уран бүтээлч болно л доо. Гэхдээ зөв өрсөлдөөн байх хэрэгтэй. Тэгж байж удаан оршин тогтноно.

-Найруулагчид дүрдээ тоглуулах жүжигчнээ өөрсдөө сонгодог. Таныг ер нь ямархуу дүрд ихэвчлэн сонгодог вэ?

-Ер нь дандаа хүүхэдлэг, эерэг талын дүрд. Дүр голно гэж байхгүй. Гэхдээ өөрөөсөө өөр дүрийг гаргах юмсан гэж их хичээдэг. Бас найруулагч нар надаас гармааргүй дүрүүдэд тоглуулаасай гэж хүсдэг. Би эсрэг ч юм уу, эмоцилог дүрд тоглохыг хүсдэг. “Гамлет” жүжгийн Офелиагийн дүрд тоглохоор шалгаруулалтад орсон ч жаахан оноо дутаад тоглож чадаагүй л дээ. Энэ бүсгүйн дүр яг миний хүсдэг галзуу дүр шүү дээ.

-Хүмүүс таныг “Сарны нулимс”-ын Цоомоо гэж дуудах нь элбэг юм билээ. Тэр дүрд тань ч их хайртай байдаг. Энэ дүрийнхээ талаар яриач?

-Хүмүүс намайг Цоомоо гэхээр маш танил хүлээж авдаг шүү. Энэ бол миний хайртай дүрүүдийн нэг яах аргагүй мөн. Гэхдээ хамгийн хайртай нь “Чиний эзгүйд” киноны Сэргэлэнгийн дүр л дээ. Анхны гэдэг утгаараа ч тэр биз. Харин Т.Хулан гэж жүжигчинг олонд илүү таниулсан нь “Сарны нулимс” киноны Цоомоогийн дүр юм. Тиймээс энэ дүрдээ маш их хайртай. Кинондоо тоглож байхад бэрхшээл багагүй байсан. Төрүүлсэн хүүхдээ хүнд өгдөг хэсэг бий. Тэгэхэд эх хүн болоогүй байсан учраас тухайн үеийн өөрийн мэдрэмжээрээ л тоглосон. Харин одоо харж байхад тэнд, энд алджээ гэдэг нь харагдаж байдаг юм.

-Бага насандаа ямархуу хүүхэд байв?

-Их томоотой, даруухан охин байсан. Манай ангийн хүүхдүүд намайг жүжигчин болно гэж ерөөсөө боддоггүй байсан гэсэн. Харин би өөрийгөө жүжигчин болно гэдэгт итгэж, хүсч мөрөөддөг байсан юм. Ер нь л урлагийн их мэдрэмжтэй, тэр тал руу илүү сонирхолтой байсан болохоор энэ мэргэжлийг сонгосон.

-Ээж, аав тань ямар хүмүүс байдаг вэ?

-Миний ээж жүжигчин мэргэжлээр төгссөн, гэхдээ мэргэжлээрээ ажиллаагүй хүн байдаг. Аавын талаар ярьмааргүй байна.

-Үсээ хусуулсан шүү дээ. Танд дараа нь харамсмаар санагдаж байсан уу?

-Би багадаа үсээ хусуулаагүй байхгүй юу. Тэгээд эмэгтэй хүн үсээ хусуулах ёстой гэдэг болохоор, тэгээд бас “Харамсалтай нь хайртай” гээд "Өнгөт инээд” хамтлагийн жүжигт тоглох байсан, тоглох дүрд маань ч тохироод тэгээд хусуулчихсан. Тэгээд яг нээлт дээр халзан гарч байлаа. Ёстой харамсаагүй. Харин ч гоё санагддаг байсан. Одоо ч бүр урт болчихсон байна. Тэр чинь бараг гурав, дөрвөн жилийн өмнө юм байна аа. Одоо бол надад урт үс тээртэй санагдаад байдаг шүү дээ. Яахав жүжигчин хүн болохоор урт үстэй байх шаардлагатай болоод ургуулж байгаа.

-Би тантай өмнө нь уулзаж байсан, багагүй өөрчлөгдсөн санагдлаа?

-Ер нь их өөрчлөгдсөн шүү. Хүмүүс амиа хичээх гэж ярьдаг даа. Ганц бие, ээж болоогүй байхад хүнд энэ шинж их давамгай байдаг бололтой. Зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч, өөрийгөө л тордож явдаг. Гэтэл ээж болонгуут хамгийн түрүүнд хүүхдээ боддог болчихдог юм билээ. Ажлын завсраар бага зэрэг цаг гарсан ч хүүхэдтэйгээ хамт байхыг хүсдэг. Дэлгүүр орсон ч хүүхэддээ л зориулж юм авна. Мөн эмэгтэй хүний сэтгэлийг илүү их бодож ойлгодог болсон. Хамгийн гол нь ээжийгээ маш их ойлгож, улам хайрламаар санагддаг юм билээ. Ер нь их зүйл өөрчлөгддөг юм байна шүү.

-Тэгвэл хэр сайн эзэгтэй болж байна вэ?

-Хүмүүс хэлдэг л дээ. Ялангуяа уран бүтээлч, цаг наргүй ажилтай хүмүүс, “Гэр бүлээ бараг л хаяж байна. Зөвхөн ажлаа л хийе. Гэр бүл гэж зүйл бараг мартагдлаа” гэдэг. Энэ нь нэг талаар үнэн л дээ. Харин миний хувьд ингэхийг хүсдэггүй. Яагаад гэр бүлээ орхигдуулах гэж. Ажлаа ч сайн хийнэ, эхнэрийнхээ үүргийг ч хангалттай биелүүлэх хэрэгтэй шүү дээ. Нэг талаар энэ чинь эмэгтэй хүний үүрэг. Миний хувьд сайн ээж, гэрийн эзэгтэй, хүний хань байхын тулд маш их хичээж байгаа. Цаашид ч тийм байх болно.

-Таныг хүмүүс өхөөрдөм, эгдүүтэй бүсгүй гэж их ярьдаг юм билээ?

-Хүнийг аль өнцгөөс нь харж байгаагаас болдог биз. Хүмүүс намайг ер нь “охин” гэж хардаг шиг байгаа юм. Эгдүүтэй охин, хөөрхөн хүүхэд мэтээр ярьдаг л даа. Мэдээж энэ бүхэн надад сайхан таатай санагдана. Хүмүүс намайг сайхнаар харж байвал сайн хэрэг. Гэхдээ би одоо эх хүн боллоо. Одоо надад “охин” хэмээх тодотгол тохирохгүй юм шиг санагддаг. Гэхдээ хүн өхөөрдөөд тэгж бодож байвал гоё л доо.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ