Дэлхийн дайн хэзээ ч дуусахгүй

Хүн төрөлхтөн дэлхий дээр үүссэн цагаасаа хойш байнга л ямар нэг эрх ашгийн төлөө зөрчилдөж тэмцэлдэж, түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц зэвсэгт аян дайн хийсээр ирсэн. Газар нутгийн маргаан, эрх мэдлийн төлөөх тулаанууд бидний л мэдэх он тоолол эхэлсэн цагаас байсаар ирсэн нь үүнийг гэрчилнэ. Та бидний мэдэх хамгийн дээр үе гэгдэх, одоо ч цөөн ахмад дайчид оролцож байсан дайн бол дэлхийн нэг, хоёрдугаар дайн билээ. Харин орчин үед дайн тулаан зэвсгийн хүчээр болон боловсронгуй утгаараа ч явагдсаар байгаа. Цахим ертөнцөд үүсээд байгаа дайнууд улам бүр тэлсээр, одоо хамгийн том хоёр гүрний хооронд асуудал хурцдаж мэдэхээр болоод байгаа. Гэтэл үүнээс гадна эдийн засгийн дайн гэх бас нэгэн нэр томъёо сүүлийн жилүүдэд гарч ирэв. Эдгээр соёлтой дайныг зарим хүмүүс гуравдугаар дайн хэмээн нэрлэж байгаа. Энэ дайнд АНУ-ыг хэнтэй ч тулалдсан ялах нь тодорхой гэлцэх нь олонтаа болжээ.

Зэвсэг ашиглан хийсэн бидний мэдэх тулаан дэлхийн I, II дайнаас эхэлж байгаа. Дэлхийн нэгдүгээр дайн 1914 оны долдугаар сарын 24-өөс 1918 оны арваннэгдүгээрсарын 11 хүртэл Европд төвлөрсөн томоохон байлдаан юм. Харин 1939-1945 үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай нь байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5 хувь байсан гэж тэмдэглэсэн байна.

Эдгээр хоёр томоохон дайны дараагаар дэлхий амгалан байсан хугацааг үгүйсгэж болохгүй. Харин XX зууны дунд үеэс эхлэн дэлхийн улс орнууд хоорондоо дахиад л дайтаж эхэлсэн. Дэлхийн хэмжээний их аюул дагуулаагүй ч улс орнуудын хооронд дайн тулаан үргэлжилсээр байв.

Сүүлийн арван жилийн хугацаанд гэхэд Афганистан, Ирак, Ливи, Африкийн орнуудад гарсан зэвсэгт мөргөлдөөнүүд, Ойрхи Дорнодод үүссэн дайн тулаан зэргийг нэрлэж болно. Өнөөдрийн байдлаар Сирид үүсээд байгаа иргэний дайн дэлхийн анхаарлын төвд байгаа. Сирийн асуудал дотооддоо шийдэгдэж чадалгүй олон улсын оролцоотой болох шинжтэй. Үүний дараагаар дэлхийн анхаарлын төвд байгаа улс бол яах аргагүй Хойд Солонгос юм.

Энэ мэтчилэн дэлхий дээрх дайн тулаан зогсож энх тайван тогтоно гэдэг боломжтой юу эсвэл боломжгүй юу гэдэг нь тодохойгүй байна. Дэлхийн дайн хэзээ ч дуусахгүй байж мэднэ. Дайн тулааны цаад утга нь энх тайван байдаг боловч үүнийг асар их үнээр олж авдаг билээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ