О.Баасанхүү: Ц.Нямдорж гишүүнийг шалгах үндэслэл хангалттай бий

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс дараахь тодруулгыг авлаа.

-Баян-Өлгий аймаг руу яваад ирсэн гэсэн. Ямар ажлаар явав?

-Би ОХУ болон Германд байгаа элчин сайдуудын үйл ажиллагааг шалгах гэж өнгөрсөн оын зургадугаар сард яваад ирсэн. Германд онцтой зөрчлүүд их гарсан л даа. Эхнээсээ дуулдаж байх шиг байна. Харин ОХУ-ын хувьд гэвэл тэр үед надад консул Батсайхан сураггүй болсон хүний тухай мэдээлэл өгсөн юм. Ямар учиртай мэдээлэл гэхээр өнгөрсөн 2012 оны зургадугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн иргэн, Монгол Улсын иргэн Х гэгч эрэгтэй түр буюу цагаан хуудсаар ОХУ-ын хил даваад алга болчихсон байсан. Энэ хэргийн талаар Консулын газар болон Гадаад хэргийн яаманд тэр хүнийг гэмт хэрэгт буруутгаад, биед нь онц ноцтой гэмтэл учруулсан гэж мэдэгдсэн гэсэн. Нэг үгээр хэлбэл хүчээр түүнийг хэрэг хүлээлгэсэн тухай надад танилцуулсан байгаа. Надад танилцуулсан баримт дээр тулгуурлаад би дүгнэлт хийсэн л дээ.

-Ямар дүгнэлт хийв?

-Би өмнө нь Японы элчингийн зөвлөх хийж байсан. Олон улсын гэрээ хэлэлцээр мэднэ. Аливаа улс руу визээр зорчсон бол тухайн улсын хууль тогтоомжийг үг дуугүй дагаж мөрдөх хуультай. Харин визээр биш цагаан хуудсаар гарсан тохиолдолд аливаа хоёр улсын хуулийн дагуу харилцан зөвшилцөх ёстой байдаг. 1994 оны гэрээ гэж бий. Тэгэхээр энэ цагаан хуудастай холбоотой асуудлыг би хилийн зөрчил гэж үзэж байгаа юм. Хилийн зөрчилтэй аливаа асуудлыг ТЕГ шалгах үүрэгтэй учраас ТЕГ руу бичиг хүргүүлчихсэн байгаа.

-ТЕГ-аас ямар нэгэн хариу ирлүүлсэн үү?

-Одоохондоо ирээгүй. Харин гэр бүлийнхнээс нь УИХ-ын гишүүн А.Бакей, А.Тлейхан нарт хүсэлт ирүүлсэн байгаа юм. Түүнчлэн тус аймагт бас нэг ноцтой хэрэг гарсан байна. Юу гэхээр Казкастан улсын ерөнхийлөгчийн хүсэлтээр тус улсын найман иргэнийг өөрсдийнх нь хүсэлтээр бус иргэншлээс нь хасчихсан гэдэг асуудал яригдсан. Ийм ноцтой хэргүүд гарсан болохоор би газар дээр нь очоод шалгаж үзэх нь зүйтэй гэж бодсон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүний хувьд хууль биелэлтийн асуудлыг шалгах хэрэгтэй байгаа юм. Мөн хүний эрхийн дэд хорооны гишүүн гэж явдаг. Тэр утгаараа энэ бүх зүйлд анхаарлаа хандуулах нь зөв гэж үзсэн юм. Сураггүй болсон хүний асуудлаар Хүний эрхийн дэд хороонд “Хүний эрх зөрчигдөж байна. Энэ үүднээс ажлын хэсэг байгуулаач” гэсэн санал гаргасан. Гэтэл Хүний эрхийн дэд хорооны дарга Ганбат надад “Гадаад хэргийн яамнаас ажлын хэсэг гараад, Баян-Өлгий аймаг руу явах гэж байна. Та тэдэнтэй хамт яваад судлаад ирвэл яасан бэ” гэдэг санал тавьсан. Ерөнхийдөө Гадаад хэргийн яамны шугамаар яваад ирсэн гэж ойлгож болно.

-Таныг очиход ар гэрийнхэн нь ямархуу байв. Хүүгийнхээ талаар сураг сонссон гэсэн?

-Аав, ээж, эхнэр болон ах дүү нар нь бүгд байна лээ. Намайг очиход бүгдээрээ сайхан хүлээж авсан л даа. Мэдээж тэдэнд хэцүү байгаа нь ойлгомжтой. Тэр алга болсон Х-гийн төрсөн эгч нь нөхөр, хүүхэдтэйгээ 1990-ээд оны үед Марз ууланд осолд орж, гэр бүлээрээ сүйрсэн юм билээ. Төрсөн ганц эгчтэй байсан бөгөөд эхээсээ хоёулханаа юм гэсэн. Тэгэхээр аав, ээжид ямар байх нь ойлгомжой биз дээ. Үнэхээр хэцүү санагдсан.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгө хийгээд нэр дэвшигчдийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Сонгуулиас болж гишүүд ажлаа хийхээ больсон байна. Зарим гишүүд нь чөлөө аваад явж байхад зарим нэгд нь чөлөө өгөхгүй байна. Энэ бол буруу л даа. Хэтэрхий их намчирхаад байна уу даа гэж бодогддог. Хуулиндаа энэ сарын 8-наас эхлэн албан ёсоор гишүүд хөдөө орон нутагт руу томилолт аваад явна. Бидэнд цаг байна. Яараад яахав. “Унагаах гэж байгаа би яараагүй байхад, унах гэж байгаа чи юундаа яархав” гэдэг л шиг юм болоод байна. Сонгуулийн өнгө аяс нь ойлгомжтой ш дээ. Бүр нэг онигоо гарчихсан байна лээ. Юу гэхээр “Хоёр нэр дэвшигч нэг нэр дэвшигчээ магтав” гээд. Хүний юу бодож байгаагаар биш бодохын төлөө ажиллах ёстой гэж байдаг шүү дээ.

-Танай намаас Ц.Нямдорж гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Ямарүндэслэлээр шалгуулах хүсэлт хүргүүлэх болов?

-Үндэслэл хангалттай л байна. Ганцхан би яриад байгаа юм биш шүү дээ. Бид бүхэн энэ асуудлаар зөндөө л ярьж байгаа. Үнэхээр шалгах ёстой хүний нэг. Би хүн гүтгэхгүй. Үнэн худлыг нь тогтоож өгөөч ээ гэж байгаа юм. Би Ц.Нямдоржийг ийм хэрэг хийсэн, хийж байгаа гэж хэлж байгаа юм биш шүү. Шалгах үндэслэлүүд байна. Тэгээд хэлэхээр шалгаж өгөхгүй юм.

-Яг ямар үндэслэл байна. Тухайлбал?

-Хууль зүйн сайд байхдаа маш их хөрөнгө идсэн. Зарим нэг нууц хэргүүдийг далдалсан гэсэн Үндэсний Аудитын газрын дүгнэлт гарсан. Өнөөдрийг хүртэл Ц.Нямдорж гэмгүй явж л байна. Ямрыг нь шоронд хийгээд, ямрыг нь шоронд хийхгүй байна. Манай нам дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч чадахгүй.

Э.Номин

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ