Ази Европыг даргалсан Ерөнхийлөгчдөө баярлалаа

Бөмбөрцөгийн 7 тэрбум хүн амын 60 хувийг өөр дээрээ тээдэг Ази тив, Дэлхийн хөгжлийг тэргүүлэгчид гэсэн амбицтай Европ тив хоёр 20 дахь жилдээ 11 дэх удаагийн гар барилтаа Монголын Ерөнхийлөгчтэй,Монголчуудтай хамт хийлээ.

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг амжилттай явуулж, 20 жилийн ойгоо тэмдэглэн, хоёр өдөр маш үр дүнтэй хуралдсаныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлон тэмдэглэсэн. Харин ард түмэн Монголоо дэлхийд зөвшөөрүүлж чадсан Ерөнхийлөгчдөө талархан, Монголоороо бахархан суулаа.

Энгийн байж,зочдоо угтан найрсгаар санаа тавих санаачлага дүүрэн ерөнхийлөгч маань Монгол зоноо төлөөлсөн утга төгс сайхан үг, зочломтгой зангаар хоёр тивийн том амбицийг өөртөө уусгаж, улс орныхоо хөгжлийн гогцоог хоёр тивтэй зангидаж уяж чадлаа. Дэлхийн хэмжээний дипломат магтаалыг Монгол улсын Ерөнхийлөгч өөртөө авч чадлаа. Энэ нь Монголын ард түмэнд дэлхийн улсуудаас өгч буй давхар үнэлгээ. Москвагийн кремль, Бээжингийн цагаан хэрэмний ялгаралын дунд Монголын эсгий өргөө гэрт дэлхийн тал нь чуулан сууж хуралдлаа. Эртний Хархорин хот Орхоны хөвөөнөөс өвөг дээдсийн гаргаж байсан тив холбосон уялдаа холбоог дахин тодруулж байгаагаа Ерөнхийлөгч дэлхийд мэдэгдлээ.

“Улаанбаатарын тунхаглал”, “Даргын мэдэгдэл” гэсэн хоёр баримт бичиг гарч 10 орны Ерөнхийлөгч, 23 орны Засгийн газрын тэргүүн, 13 орны Гадаад хэргийн сайд, хоёр орны бусад сайд, Олон улсын хоёр байгууллагын төлөөлөл дэмжин соёрхлоо. Хоёр өдөр үргэлжилсэн хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, тэргүүлэн 60 гаруй уулзалт хийжээ. Хэдэн сар жилээр төлөвлөж нүсэр зардал, хөлтэй айлчлалаар хийх уулзалтыг хөх тэнгэрийнхээ доор найрсаг ард түмэнтэйгээ хамт хоёр өдөрт амжууллаа. Үүнд нь ард түмэн ам дүүрэн талархалтай байна. АСЕМ-ын зочид төлөөлөгчид нийт 100 гаруй хоёр талт уулзалт хийж, олон асуудлаар санал бодлоо солилцож энэ бүхэн нь Улаанбаатарын тунхаглал болж дэлхийд “уншигдлаа”.

АСЕМ бол зөвхөн төр, засгийн удирдлагуудын уулзалт биш тэдний төлөөллөөр дамжуулсан Ази Европын ард түмний ажил хэрэгч бизнесмэнүүдийн уулзалт гэдгийг тод харуулж чадлаа.

“... АСЕМ-ыг эх орондоо зохион байгуулна гэдэг 100 жилд нэг удаа олддог боломж. Дараагийн удаа Монгол оронд 100 жилийн дараа зохион байгуулагдаж магадгүй. Ийм учраас энэ хуралд бид онцгой ач холбогдол өгч, халуун дотноор та бүхнийг хүлээн авлаа. Олон орны зуу зуун сэтгүүлчид амжилттай ажиллаж, дэлхийн 1.5 тэрбум хүнд Монголд болж буй АСЕМ-ын мэдээлэл хүрлээ. Та бүхнийг Монгол оронд дахин хүрэлцэн ирэхийг урьж байна” гэж Ерөнхийлөгч хэлсэн. Дэлхийн талыг Монголынхоо хөх тэнгэр дор урьж, дүүрэн сэтгэгдлээр ганзагыг нь мялаагаад үдсэн Ерөнхийлөгчөө ард түмэн онцлон үнэллээ.

Улсаа сайн удирдаж байгаа шигээ АСЕМ-ыг амжилттай удирдлаа гэсэн Европын Холбооны даргын Монгол Улсын Ерөнхийлөгчид цохон хэлсэн үгэнд Монголын ард түмэн халуун алга ташилт нэмсэн.АСЕМ-ын хүндэт зочид , уригдан ирсэн сэтгүүлчдээр дамжуулж монгол ахуй, түүх ,соёл уламжлалаа дэлхийд сурталчилж амжсан Ерөнхийлөгч маань ирээдүйдмонгол эх орондоо олимп зохион байгуулна гэсэн улс орны тэмүүллээ ч бас илэрхийлж байсан нь билэгшээлтэй .

Ази Европыг хоёр өдөр даргалсан Ерөнхийлөгчдөө баяр хүргэе. Эв нэгдэл дүүрэн байж хөх тэнгэрийнхээ доор сэтгэл нэгтэй байсан Монголчууд бид хөгжлийн шинэ алхаагаа эхлүүлсэн санагдлаа.

Б.Ихэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ