“Мэс хүргээгүй” гэдгээрээ бахархдаг мисс Т.Батцэцэгийн бардамнал

“Miss World Mongolia-2014” тэмцээний тэргүүн миссээр тодорч “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцоод ирсэн мисс Т.Батцэцэг ёстой л хацар гоо бүсгүйчүүдийнхээ өнгө чимэг нь болж явна. Тэрбээр саяхан манай улсад зохион байгуулагдсан АСЕМ-ын чуулга уулзалтад уригдаж ирсэн зочид төлөөлөгчдийн өмнө Монгол үндэсний хувцас гоёл хийгээд үзэсгэлэн гоо төрхөө гайхуулан гунхсан азтай бүсгүй.

Өмнө нь түүн шиг “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байсан хэд хэдэн бүсгүй байгаа ч, улсынхаа нүүр царай болгох томоохон ажилд зөвхөн мисс Т.Батцэцэгийг онцлон сонгосон нь цаанаа бас учиртай биз. Элдвийн эрчүүдтэй төдийлөн нэр холбогдож байгаагүй, мэс заслын ширээн дээр хэвтээгүй, шалдан нүцгэн зураг хөргөөрөө олныг гайхашруулж яваагүй гээд түүний намтарт “Даруухан” гэмээр тодотгол тун ч олон бий. Тэгвэл мисс бүсгүйн дардан түүхийг танд сонирхуулъя.

Төрбатын Батцэцэг 1991 оны аравдугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт төржээ. Хоёр ах,хоёр эгчтэй, айлын отгон охин бөгөөд МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийг Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр суралцаж төгссөн байдаг. Тэрбээр анх 2007 оноос эхлэн загвар өмссөн бөгөөд өдгөө “Шилмэл загварын ордон”-ы гэрээт моделиор ажилладаг юм байна. “Ээжийнхээ зөвлөгөөг дагаж загвар өмсөгчийн дамжаанд элссэн” хэмээн ярих дуртай мисс Т.Батцэцэг амжилтаа ахиулан “Asian Super Model-2010” тэмцээний “Asian Super model”, “Miss Mongolia-2010” тэмцээний дэд мисс, “Miss Краса Бурятия-2010” тэмцээний “Краса Байкала-2010” Гран при, “Goyol-2012” тэмцээний “Kerasys”-ын нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус хүртсэн бөгөөд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан юм. Улмаар мисс бүсгүй маань “Манжуурын мисс-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож тэргүүн байр, “Miss Earth-2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадмаас “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медал хүртжээ.

Загварын тайзнаа хөл тавьсан даруйдаа л “Гоёл” наадамд оролцож байсан түүнийг тун удахгүй “Топ модель” өргөмжлөлийг гардах чадварлаг нэгэн гэдгийг мэргэжлийн модель, дизайнерууд хэлдэг юм билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ