Гар утас 1906 онд үүсчээ

Өнөөдөр бид бүхний зайлшгүй хэрэглээ болсон гар утаснытүүх хаа байсан 1906 эхэлсэн ажээ. Чарльз Э.Алден хэмээх зохион бүтээгч өөрийн бүтээсэн “хантаазны халаасаны телефон” –оо хэд хэдэн гэрчийг байлцуулан туршсан тухайгаа “New York World” сонинд хэвлүүлжээ. Гэсэн хэдий ч Алден уг гайхамшигт бүтээлээ үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй юм.

Харин анхны хөдөлгөөнт телефон дуудлагыг 1946 онд Белл Системс компанийн бүтээгдэхүүнээр хийжээ. Уг хөдөлгөөнт утасны аппарат нь олон тооны ламп болон релейнээс бүрдэх бөгөөд даруй 36 кг жинтэй байв.

Эхлээд хөдөлгөөнт телефоны 3 суваг байсан бөгөөд, удалгүй 3 давтамж дамнасан 32 сувагтай болжээ. Цөөхөн тооны радио давтамжийг хөдөлгөөнт холбоонд хэрэглэх боломжтой байснаас шалтгаалан тун удалгүй багтаамж нь дүүрсэн байна.

Моторола компани тоног төхөөрөмжөө боловсронгуй болгосоор 1973 онд анхны жинхэнэ гарт багтах утсыг бүтээжээ. Зохион бүтээх багийн ахлагч Мартин Митчелл сүүлд дурсахдаа: “Намайг гудамжинд явж байхдаа утсаараа ярьж байхыг зөрж өнгөрсөн хүн болгон амаа ангайн харж билээ. Би нилээн хэдэн дуудлага хийсний дотор зам хөндлөн гарч байхдаа Нью-Йоркийн радиогийн сурвалжлагчтай ярьсан маань амьдралдаа хийсэн хамгийн аюултай зүйл байсан” гэжээ. Энэхүү бүтээл нь 3995 ам.долларын үнэтэй боловч, 1 кг орчим жинтэй байсан нь “тоосго” хэмээх нэртэй болгов.

Гар утасны жинхэнэ автомат сүлжээ 1979 онд Японы Телеграф ба Телефон (NTT) компани Токио хотын төвийн дүүргүүдэд нэвтрүүлжээ. Улмаар 1980 –аад онд Дани, Финлянд, Норвеги, Швед, Их Британи, Мексик, Канад зэрэг улсууд шил шилээ даган гар утасны сүлжээг нэвтрүүлж эхэллээ.

АНУ –д 1983 онд DynaTAc компани өөрийн гар утсаа Ameritech компанийн 1G сүлжээнд зориулан гаргажээ. Энэхүү утсыг бий болгоход зөвхөн судалгаа шинжилгээ, туршилтад 100 сая ам.доллар зарцуулсан баримт байдаг.

Гэвч энэхүү утас нь бүрэн цэнэгтэй зайгаараа 30 минут ярьдаг атлаа бүрэн цэнэглэхэд 10 цаг шаардлагатай байсан нь хэрэглэхийг хүссэн олон хүмүүсийг хүлээзнэхэд хүргэсэн билээ.

Удалгүй 1991 онд Финляндад хоёрдахь үеийн (2G) GSM стандартын гар утасны технологи нэвтэрсэн бөгөөд дэндүү болхи 1G утаснуудыг хэрэглээнээс шахаж эхэлсэн байна.

Үүнээс хойш арван жилийн дараа 2001 онд Японы NTT DoCoMo компани WCDMA стандартын 3G сүлжээг нэвтрүүлэв. Ингэснээр технологийн шинэ боломж нээгдэж 3.5G, 3G+, 3G Turbo гэх мэт дэд төрлүүд хэрэглээнд нэвтэрчээ. Эдгээр дэд төрлүүд нь мэдээлэл дамжуулах хурдыг сайжруулсанаараа онцлогтой аж.

Үүнээс хойш гар утас хэрэглэгчдийн тоо тасралтгүй өсч, интэрнэтэд суурилсан үйлчилгээ давамгайлж эхэллээ. Энэхүү эрэлт нь 3G технологийн хүчин чадлыг дарангуйлж эхэлсэн тул АНУ-ын Sprint компанийн WiMAX стандартад суурилсан, Скандинавийн TeliaSonera компанийн LTE стандартад суурилсан хоёр төрлийн 4G сүлжээ нэвтэрчээ.

www.psfk.com

СЭТГЭГДЭЛ БИЧИХ