Жирэмсэн эмэгтэй томуугийн вакцин хийлгэж болох уу?

Ханиад тусах эрсдэлтэй улиралд төрсөн хүүхдүүд эхний зургаан сарын хугацаанд ханиад тусах өндөр эрсдэлтэй байдаг байна. Хүн бүрт ханиадны вакцин хийлгэхийг эмч нар зөвлөдөг бөгөөд энэ нь дөнгөж төрсөн хүүхэдтэй ойр байдаг хүмүүст илүү чухал.

Ханиад, томуугийн эсрэг вакцинд гурваас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид хамрагдах боломжтой гэдэг. Тэгвэл жирэмсэн эхчүүд энэ вакциныг хийлгэх нь ямар нэгэн байдлаар эргэлзээ төрүүлдэг тул эрдэмтэд доорх судалгаа бүхий хариултыг өгчээ.

Судалгаа 1:

Ханиадны эсрэг вакцин жирэмсэн эхчүүдэд сөрөг нөлөөтэй юу?

Томуугийн эсрэг вакцин нь нярайг дөрвөн сарын турш томуугаас сэргийлж байсан төдийгүй зулбах эрсдлийг нэмэгдүүлдэггүй болохыг Америкийн томуугийн цар тахлыг судлах тусгай комиссын гишүүн, доктор Кэтлин Неизил Халдварт өвчин судлалын нийгэмлэгийн 49-р чуулга уулзалтад тавьсан илтгэлдээ дурьджээ.

Энэ үеэр томуугийн эсрэг вакциныг жирэмсэн эхчүүдэд тарихад ашигтай байгаад зогсохгүй, аюулгүйгэдгийг нотолсон олон илтгэл хэлэлцүүлэгдсэн байна. Жирэмсэн байх үедээ томуугийн эсрэг вакцин хийлгээгүй эхээс төрсөн нярай томуугаар өвчлөмтгий байсан нь дархлаа тогтож амжаагүй байсантай холбоотой бөгөөд шинэ төрсөн нярайд дор хаяж зургаан сарын туршид уг вакциныг хийх боломжгүй юм. Иймд томуугийн халдвар авсан нярай нь насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хүндрэл үүсэх, нас барах эрсдэл өндөр аж. Вашингтоны их сургуулийн Анагаахын ухааны сургуулийн клиникийн профессор, доктор Кэтлин Неизил “Эмэгтэйчүүд жирэмсэн байххугацаандаа томуугийн эсрэг вакцин хийлгэх нь өөрийгөө болоод шинэ төрөх үрээ хамгаалах чухал алхам гэдгийг юун түрүүн ухамсарлах хэрэгтэй. Уг вакцины аюулгүй, үр ашигтай байдлыг харуулсан эдгээр мэдээллүүд нь олон эхчүүдэд энэ вакциныг тариулах нь зүйтэй юм гэсэн ойлголтыг өгөх болно” гэжээ.

Судалгаа 2:

Энэ вакцин нярайг хамгаална

Томуугаас сэргийлэх зорилгоор вакцин тариулсан эх жирэмсэн байх хугацаандаа хүүхдээ томуугаас сэргийлдэг гэнэ. АНУ-ын Юта мужийн их сургуульд хийсэн нэгэн судалгаагаар “Вакцинаар өдөөгдөн үүссэн эсрэг бие эхэсээр дамжин эхээс урагт орж, төрсний дараах эхний дөрвөн сарын турш томуугаас сэргийлдэг” гэсэн үр дүн гарчээ.

Уг судалгаанд 27 эмэгтэй хамрагдсан бөгөөд 41 хувь нь улирлын томуугийн вакцин хийлгэсэн байсан бол 59 хувь нь вакцин хийлгээгүй байжээ. Бүх нярайд төрөнгүүт нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийхэд вакцин хийлгэсэн эхээс төрсөн бүх нярайд томуугийн эсрэг бие илэрсэн байхад вакцин хийлгээгүй эхээс төрсөн нярайн 31 хувьд л эсрэг бие илэрсэн байна.

2-4 сарын дараа дахин шинжилгээ хийхэд мөн л вакцин хийлгэсэн эхээс төрсөн хүүхдүүдийн 11 хувьд эсрэг бие тодорхойлогдож байжээ. Энэ тухай тус сургуулийн хүүхдийн тасгийн зөвлөх профессор Жулие хэлэхдээ “Бидний судалгаа жирэмсэн үеийн вакцинжуулалт нь хүүхдийг төрсний дараах хэдэн сарын турш томуугаас сэргийлж байгааг баталж байна. Тиймээс жирэмсэн эхчүүд боломжтой л бол энэхүү вакциныг хийлгэх хэрэгтэй” гэжээ.

Судалгаа 3:

Үр зулбах эрсдлийг нэмэгдүүлдэггүй

Жирэмсэн үед томуугийн вакцин хийлгэх болон зулбалтын эрсдэл хоёрын хооронд ямар ч хамаарал байхгүйг нотолсон бас нэгэн судалгаа байна. Висконсин мужийн Маршфильд клиникийн судлаачид зулбасан 243 эмэгтэйг, зулбаагүй 243 эмэгтэйтэй харьцуулан судалгаа хийжээ.

Тэд бүх мэдээллээ цуглуулж, дүн шинжилгээ хийсний эцэст судлаачид зулбахаас өмнөх дөрвөн долоо хоногийн туршид вакцин хийлгэсэн эхчүүдийг, зулбаагүй эхчүүдтэй харьцуулахад зулбалтыг нэмэгдүүлсэн гэх шалтгаан илрээгүй байна.

Энэ тухай судалгааны төвийн эпидемиологич Стефани “Ямар ч аюулгүй байна гэдэг бол жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин хийлгэхэд уриалан дуудах хамгийн гол хүчин зүйл юм. Бидний нотолсон энэхүү зүйл нь жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцин хийлгэхэд айх аюулгүй болголоо” гэж хэлсэн байна.

Судалгаа 4:

Томуугийн вакцин жирэмсэн эхэд болон урагт хэрэгтэй юу?

Жирэмсэн эхийг вакцинаар хамгаалаад зогсохгүй эхэсээр дамжуулан урагт дархлаа тогтоож, хүүхдийг төрснөөс нь хойших хоёр сарын хугацаанд ханиаднаас хамгаалах талаар судалгааг хийжээ.

ӨАБНУ-ын Йоханнесбург хотын Витватерсрандын их сургуулийн судалгааны эрдэмтэн Марта Нунес вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөс дөнгөж төрсөн хүүхдүүдийг хамгаалах асуудалд гол анхаарлаа хандуулан ажилласан байна. Зургаан сар хүрээгүй хүүхдэд ханиадны вакцин хийж болдоггүй учир тэднийг хамгаалах өөр арга замыг тэрбээр хайсаар иржээ.

Ингээд ханиадны вакцин тариулсан болон тайвшруулах эм хэрэглэсэн эмэгтэйчүүдийн цусан дахь эсрэг биетүүдийн тоог судалсан байна. Дараа нь тэднийг төрснөөс хойших зургаан сарын хугацаанд ажиглаж, хүүхэд болон эхийн цусан дахь эсрэг биетийн тоог харьцуулж гаргажээ.

Судалгааны дүнд вакцинд хамрагдсан эмэгтэйчүүдийн хүүхэд төрснөөс хойших хоёр сарын хугацаанд маш өндөр дархлаатай байсныг тогтоосон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ