Сумын харцага Л.Буяннэмэх нэг гэр бүлийн 7 хүний амийг аварчээ

Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн иргэн, сумын харцага Л.Буяннэмэх нэг гэр бүлийн долоон хүний амь насыг аварчээ. Тодруулбал, Чулуутын голын Хүрэмийн амны гармаар гарч явсан машин унтарч, голын төв рүү урсаж байгаад ямар нэгэн зүйлд тулан зогссон байна. Зорчигчид шагайгаар татаж байсан ус аажим дээшилсээр ташаагаар татахад бүгд машиныхаа дээвэр дээр гарч суужээ.
Харин зоригт эр Л.Буяннэмэх усанд сэлж чаддаггүй ч долоовор хурууны өндөгний дайтай 2 цоорхойтой завьтайгаа дээрх долоон иргэний амийг аварч чадсан байна. Алтан амиараа дэнчин тавьж хүний амь аварч явах хооронд голын эрэг дээр тайлаад тавьсан хувцсан дээрээс утсыг нь хэн нэгэн хулгайлсан байна.
Ямартай ч аврагдсан гэр бүлийн зүгээс аймшиггүй эр зориг, авхаалж самбаа гарган гэр бүлийг нь аварсан Л.Буяннэмэхэд болон нутгийн иргэдэд маш их талархаснаа илэрхийлсэн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ