Олимпт оролцох тамирчид БЭЛГЭДЭЛ ЛОГОТОЙ боллоо
Олимпийн хөгжлийг дэмжих сангаас /ОХДС/ Монголын шигшээ багийн тамирчдыг үдэн гаргах ёслол болон олимпийн логоны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ОХДС-ийн тэргүүн, МУГТ дасгалжуулагч Ч.Наранбаатар "Бүх улс орон өөрсдийн гэсэн лого, бэлгэдэлтэй байгаа. Бид олон орны логог судалсан. Тухайлбал, Канад, ОХУ, Англи, Швед гэх мэт.
Эцэст нь бид Монголын тамирчид маань өөрсдийн гэсэн бэлгэдэл логотой болж, олимпд оролцох болсон талаар хэлэхэд таатай байна.
Бид ЭМСЯ-тай хамтран сарын өмнөөс тендер зарлаж, 20 гаруй уран бүтээлчийн логоны загвараас шилдгийг сонгож шалгаруулсан. Монгол Улс нь 3,000 жилийн өмнө таван сүлд тугтай байсан. Энэхүү тугны нэг болох хурдалж байгаа соёолон морины дүрсийг олимпийн лого болгож шалгаруулсан байгаа. Цаашид өвөл, зун, Азийн, Залуучуудын олимпд Монголын тамирчид энэхүү логотой оролцох болно.
Манай санд албан байгууллага, иргэдээс 260 сая төгрөг цугларсан. Одоогийн байдлаар 120 гаруй сая төгрөгийг зарлагдсан. Түүнчлэн маргааш болох үйл ажиллагааны үеэр олимпд оролцох гэж буй дасгалжуулагч, тамирчдадаа тэтгэлэг болон логотой подвалко, малгайг бэлэглэх болно" гэв.

Доктор Л.Дуурсах хэлэхдээ "Өлзий хээний утга учрын талаар мэдэх хүн ховор байдаг. Өлзий хээг давхиж буй хурдан соёолон морины дээрээс нь харсан дүрсээс бэлгэдэн бүтээсэн юм байна. Олимпийн логог сайн харвал давхиж байгаа 10 соёолон морины дүрс харагдах болно.
Энэ нь Монголын баг тамирчдыг 10 алтан медальтай ирээсэй гэсэн бэлгэдэл болж байгаа юм. Түүнчлэн бид Монголын тамирчид баримталж явах ёстой 10 зарчмыг гаргасан" гэв.

Энэ удаагийн хувьд алтан медаль авахыг бэлгэдэж ШАР өнгийг сонгосон байгаа" гэлээ.

Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Т.Батзориг "2016 оны долоодугаар сарын 20-нд "РИО-2016" зуны олимпд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэх ёслолын арга хэмжээ Чингисийн талбайд маргааш 11:00 цагт болно.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд оролцохоос гадна Монголын тамирчдын төлөөлөл тангараг өргөх байгаа. Мөн ОХДС-ийн тэтгэлэг гардуулах ёслол болно. Бид эрх авсан тамирчин тус бүрт нэг сая төгрөгийг олгох болно" хэмээн ярив.

ОХДС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, олимпийн аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Э.Бадар-Ууган "10 гаруй хоногийн дараа олимп эхлэх гэж байна. Манай жудо, боксчдын тамирчид маань 24-нд Бразил улсыг зорих болно.
Энэ удаа Монгол Улсаас 42 тамирчин РИО-2016 олимпд оролцох эрхээ авсан нь Монгол Улсыг ямар их хүчтэй, хүчирхэг байгааг харуулж байна. Багш, дасгалжуулагчтай нийлээд 60 гаруй хүн Монгол Улсын тугний дор алхах нь бидний хувьд бахархалтай явдал юм.
Биднийг дэмжсэн байгууллага болон ард иргэддээ баярлалаа. Маргааш болох арга хэмжээнд ирж, Олимпд оролцох тамирчдаа үдэн гаргаарай гэж урьж байна. Мөн Монголын Төрийн дуулал олонтаа Бразилын тэнгэрт эгшиглээсэй гэж ерөөж байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ