Б.Гансүх: Ээжийнхээ шарил дээр дөнгөтэй зогссоноо хэзээ ч мартахгүй

“Бодлын хулгайч” кино бүтээлийн гол эзэн Батцэцэгийн Гансүх гэдэг хүнийг манай уншигчид 90 саяын гэх тодотголоор нь андахгүй. Дэндүү эрч хүчтэй, зоримог, гэгээлэг хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн явахдаа алдаж, ид хийж бүтээх насаа төмөр торны цаана өнгөрөөсөн адармаатай хувь тавилантай энэ эр өдгөө Христийн сүмд номлогч хийдэг. Ингээд түүнтэй түүний өнгөрсөн амьдралын талаар ярилцсанаа хүргэе.
-90 саяын Гансүхийн адармаатай амьдрал дэлгэцийн бүтээл болсон. Энэ киног үзсэнээр таныг тухайн үед юу хийхээр зорьж байсан, ямар хүн байсан бэ гэдгийг хүмүүс арай өөрөөр дүгнэж байгаа байх?
-Дөнгөж 24-хөн настай, хийж бүтээх их хүслээр жигүүрлэсэн цовоо хүү байлаа. Бага залуудаа кино бүтээнэ хэмээн зохиол барин гүйж яваад алдсан. Гэтэл өнөөдөр өөрөө киноны гол дүр болоод явж байна. Миний залуу нас үнэхээр адармаатай, үйл явдлаар дүүрэн өнгөрсөн дөө.
-Таныг ээж, ах хоёртойгоо 50 мянгатад амьдарч байхдаа энэ хэрэгт орооцолдчихсон гэдэг?
-Миний хүүхэд нас 50 мянгатын тэр навтгар байшингуудын дунд өнгөрсөн. Энхтайван найрамдлын ордны урдхан манайх байдаг байлаа. Би багадаа их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүмүүст их нээлттэй, хүмүүсийг сонсож чаддаг, өөрийгөө хүчтэй илэрхийлдэг байсан. Тэр аугаа их мөрөөдлөө биелүүлэх гэж яваад 90 саяын хэрэгтэй орооцолдсон. 90 саяын хэрэг маань хүмүүст залилан хийсэн мэт сонсогддог боловч үнэн чанартаа Мягмарсүрэн ах бид хоёр юм хийх гэж л тэр мөнгийг авсан. Юм хийе гэж бодож яваад бүтэлгүйтэж, эцэст нь хаачиж, юу хийхээ мэдэхгүй болсон. Би ингэж л амьдралдаа алдсан. Хүмүүс намайг дэндүү сэргэлэн гэж ярьдаг. Нөгөөтэйгүүр 24-хөн настай хүүхэд байсан шүү дээ. 24-хөн настай хүүхдийн үгэнд Ерөнхийлөгч, Засгийн газар, Монголбанк, Сангийн яам нь итгээд мөнгө өгсөнд би их гайхдаг юм. Тэр үед их л итгэл, үнэмшилтэй ярьсан юм байлгүй дээ.
-90 саяын эхлэл автобусанд тавигдсан юм билээ?
-Би 50 гарсан ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байсан. Нэг өдөр гэрийн маань халуун ус тасарчихаад гуравдугаар хороолол руу ахындаа усанд орох гэж яваад сийрэгхэн автобусанд суусан юм. Миний урд сууж явсан хоёр өвгөний яриа их сонирхолтой санагдсан. Тэр хоёр өвөөгийн яриа их анхаарал татсан болохоор би буух газраа буулгүй, тэдний яриаг бүгдийг сонссон.
-Юун тухай ярьж явсан юм бэ?
-Рой Чепмен Эндрюс гэж Америкийн палеонтологич эрдэмтэн Монголд орж ирээд, 1920-1925 оны Богд хаант улсын үед ажиллаж байсан юм билээ. Шинжилгээний гуравдугаар экспедиц гэж Америкийн том баг ирж ажилласан. Тэдний ярианаас энэхүү сэдвийг аваад архивт очиж, ярьсан зүйлийг нь судалсан. Мэдээж архив руу хамаагүй хүн оруулахгүй. Аргалж ороод ямар гоё материал вэ, би үүгээр яагаад кино хийж болохгүй гэж бодсон.
-Цаашаа юу болсон юм бэ?
-1995 оны хавар би багштайгаа 40 мянгатын навтгар шар байшингуудынхаа дэргэд төв зам дээр таарсан юм. Тэгээд Рой Чэпмен Эндрюс гэж 1920-1925 оны үед Монголд ирж ажилласан. Америкийн палеонтологич эрдэмтний тухай сэдэв оллоо. Энэ хүнээс сэдэвлэж “Индиан Жонс”, “Юрийн галвын хүрээлэн” гэдэг кино гарсан юм байна. Түүний олсон олдворуудаар дамжуулж Байгалийн түүхийн музей гэж дэлхийд алдартай Америкийн том музей байгуулагджээ. Бүх олдворууд нь Монгол-Дундговь, Монгол-Өмнөговь, Монгол-Баянхонгор гэсэн тайлбартай байх жишээтэй” гэж хэлсэн. Ингээд л Рой Эндрюс гэдэг хүний тухай зохиол бичсэн. Гэтэл Мягмарсүрэн багш маань МУИС-ийн Байгалийн ухааны факультет дээр хэсэг эрдэм, шинжилгээний ажилтан нэгдээд “Байгаль судлалын нийгэмлэг” байгуулж байгаа. Энэ нийгэмлэг Рой Эндрюсийн нэрэмжит болж байгаа юм гэдэг байна. Тохиолдлоор ингэж таарсан. Ингээд “Тэгвэл чи манай нийгэмлэгт ажиллаач” гээд удалгүй би тус байгууллагын ерөнхийлөгч болсон.
-Үүнээс л хамаг зүйл эхэлсэн байх. Тийм үү?
-Энэ цагаас би байгууллагаа авч явах мөнгө, санхүүг бодож эхлэх болсон. Тухайн үед би АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй хамтран ажиллахын тулд Монгол дахь Элчин сайдын яаманд олон удаа хүсэлт тавьсан. Тэр үед Элчин нь “Манай элчин Төрийн байгууллагуудыг төлөөлж байгаа учраас бизнесийн байгууллагынхны гүүр болох ёсгүй. Гэхдээ танайхыг төрийн байгууллага гэж үзэж болох юм байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл манай нийгэмлэг МУИС-ийн дэргэдэх учраас төрийнх болоод явсан. Тэгээд л АНУ-ын Байгалийн түүхийн музейтэй холбож өгсөн. Эндээс хамтарч ажиллах олон факс ирсэн. Удалгүй биднийг АНУ-ын Байгалийн түүхийн музейгээс урьсан. Харин явах гэтэл ямар ч мөнгө байгаагүй. Эндээс л бүх юм эхэлсэн. Киногоо хиймээр байдаг, нийгэмлэгээ ч хөгжүүлмээр байсан. Ингээд л миний дотор Америк явна гэсэн мөрөөдөл ассан. 1995 оны зургаан сард хүмүүс тэр бүр Америк явж байгаагүй юм шүү дээ. Тэр үед пүүс, компаниудаас мөнгө хайсан боловч олдоогүй. Эрдэм шинжилгээний юм яриад байхаар ойлгодог ч үгүй байлаа. Харин тухайн үед би П.Жасрай сайд дээр оръё, Ерөнхий сайдаас л мөнгө гуйя гэж бодсон. 1995 оны зургаадугаар сард багш нарын ажил хаялт болсон учраас П.Жасрай сайд хүлээж авах боломжгүй гэж байлаа. Ингээд л Ерөнхийлөгч дээр орсон.
-П.Очирбат гуайд та яг юу гэж хэлсэн юм бэ?
-“АНУ-аас их хэмжээний хөрөнгө орж ирэх гэж байгаа энэ үед би Засгийн газраасаа асуух гэсэн юм. Манай нийгэмлэгт АНУ-аас таван сая доллар орж ирэх гэж байгаа. Үүний гурван саяыг бид эрдэм, шинжилгээнийхээ үйл ажиллагаанд зарцуулна. Хоёр саяыг нь Засгийн газартаа хандивлана. Энэ хоёр сая долларыг та бүхэн өрх толгойлсон эмэгтэй, өнчин өрөөсөн хүүхдүүддээ зарцуулна уу. Ямар ч байсан бид Засгийн газрынхаа шугамаар энэ мөнгийг авах гэсэн юм гэж хэлсэн.Гэтэл 15 минут уулзах ёстой Ерөнхийлөгч хоёр цаг 40 минут надтай ярилцсан. Ерөнхийлөгч их тэвчээртэйгээр намайг сонссон.
-Ингээд л АНУ руугаа явсан уу?
-Америкт очсон. Ингээд Байгалийн түүхийн музейн ерөнхийлөгч Майкл Ноч гэдэг хүнтэй уулзсан. Рой Эндрюс Монголд ажиллаж байсан тухай материал болоод Монгол Улсын Засгийн газрын гэрээний хуулбар зэргийг авч очиж байсан юм. Гэтэл тэд 1996 оны хоёрдугаар улиралд шийдвэр гаргая гэж байхад нь 1995 оны арваннэгдүгээр сард намайг хорьчихсон.
-Жинхэнээсээ мөнгө төгрөг өгөхөөр болсон юм уу?
-Киног бол ивээн тэтгэх тухай ярилцаагүй. Рой Эндрюсийн тухай бичсэн зохиолоо ярихад “Үүнийг Холливуд мэднэ. Бид мэдэхгүй. Гэхдээ Холливуд Эндрюсийн тухай Индиан Жонс гэдэг кино хийсэн гэнэ лээ. Ер нь Эндрюсийн тухай Холливуд сонирхдог шүү” гэж зөвлөж байснаас биш, хөрөнгө оруулъя гэж яриагүй. Харин нийгэмлэгийн хамтарсан малтлага, судалгааг хийе гэж ярьж байсан юм.
-Хэрэв хоригдоогүй бол Ерөнхийлөгчид амласан яриа бодит болох боломж байсан уу. Ядаж л 90 саяыг нь эргүүлээд өгч чадах байв уу?
-Болгоно гэж явах байлаа. Одоо энэ бүхнээс сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл нь 250 мянган доллар цүнхэлчихээд гарч яваад хүнсний 20-д зайрмагт дугаарлаад зогсож байлаа. Харин гэртээ орсон хойноо кинон дээр гардаг шиг “Ээж ээ, та бид хоёр баян болсон. Хааяа нэг маслотой хар талх хардаг байсан үе ард хоцорсон” гээд мөнгөө дээш нь шидэж байлаа.
-Таны ээж энэ бүх явдлаас хойш их зүдэрсэн гэдэг. Та уг нь ээжийгээ баярлуулах гэж их хичээдэг байсан юм билээ?
-Би аавгүй өссөн. Ээж минь ах бид хоёрыг өсгөх гэж их зүдэрсэн. Тухайн үед монголын нийгэм тэр чигтээ ямар байлаа. Гэтэл өрх толгойлсон ганц эмэгтэй хоёрын хоёр хүүхэд өсгөнө гэдэг хэцүү даваа байсан. Гэсэн ч ээж минь чадсан.
-Хориход байхдаа та ээжийнхээ бие муудсаныг дуулаад оргосноос болж дахин жилээ нэмүүлсэн гэдэг. Ээжтэйгээ уулзаж чадсан уу?
-Би 90 саяын хэрэгт 13 жилийн ялаар шийтгүүлсэн. Долоон жилийн ялаа биеэр эдэлсэн байх үед “90 саяын Гансүх-ийн ээжийн бие хүнд байна” гэсэн сонин олсон. Ээжийгээ эргэхээр чөлөө хүссэн боловч өгөөгүй. Тиймээс Тоосгоны хорихын гадаа хог цэвэрлэж байгаад оргосон юм. Ямар ч байсан ээжтэйгээ уулзсан. Тэр үед бидний хамгийн сүүлийн уулзалт байсныг хэн нь ч мэдээгүй. “Би эргэж ирнэ ээ, ээж ээ” гэхэд минь “Ээж нь хүүгээ хүлээнэ ээ” гэж билээ. Ээждээ үнсүүлээд л гарсан. Түүнээс хойш ээж минь сарын дараа хорвоог орхисон. Ээжийгээ нас барсны дараа дөнгөлүүлчихээд цагдаа нараар шарил дээр нь хүргүүлээд тойрч байснаа би хэзээ ч мартахгүй. Энэ явдлын дараа хорвоо дээрх ганц ах минь Дарханы замд явж байгаад ослоор амиа алдсан. Ингээд л би гэдэг хүн хорвоо дээр орь ганц нэгэн болсон. Үүнээс үүдэн хэд хэдэн удаа амиа хорлохыг хүртэл завдаж байлаа. Энэ мэтчилэнгээр залуу цагийн алдаанаас болж бүхэл бүтэн амьдрал минь сүйрсэн. Намайг амьдрал гэж юу байдгийг мартсан байх энэ цаг үед хүмүүсийн харийн шашин гэж нэрлэдэг зүйлээс өөр наашаа гэх хүнгүй болсон байсан. Эндээс л би тайвширлыг олж, дахин амьдрал дээр гарч ирсэн.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ