Хэт даврагчид Францад санваартныг хороожээ

Францад дахин террорын ажиллагаа үйлджээ.Энэ удаа хутга агссан хоёр гэмт этгээд католик шашны сүмд хүмүүсийг барьцаалсан байна. Тэд санваартны хоолойг огтлон хороожээ.Бас нэг эмэгтэйн бие тун хүнд байгаа гэнэ.Халдлагад оролцогчдыг буудан устгаж, уг террорын ажиллагаанд холбогдолтой байж магадгүй хэмээн сэжиглэж буй нэг этгээдийг баривчилжээ.
Энэ халдлагыг “Исламын улс” бүлэглэл зохион байгуулсан нь нэгэнт тодорхой байна.Харин хэт даврагч үзэлтнүүдийн нэг нь тусгай албадын мэдээллийн санд бүртгэлтэй байжээ.Энэ явдал ерөнхийлөгч Олландын төрсөн Руан хотын захад болсон байна.
Тухайн өглөөний хуралд санваартан, гурван хандмаа, хоёр мөргөлчин гээд ердөө зургаан хүн байжээ.“Тэд (террористууд) чимээ шуугиантайгаар, их л итгэлтэй орж ирсэн .Эрчүүд хутга гаргаж ирээд, шууд л санваартны зүг явсан юм” гэж барьцаалагдсан хүмүүсийн нэг нь хэлсэн байна.
86 настай санваартныг сөгдүүлэхэд, тэр эсэргүүцэх гэсэн боловч хоолойг нь огтолжээ. Дараа нь тэд сүмийн хойморт арабаар судар уншиж, барьцааны бас нэг хүнийг алах гэж оролдож, түүнчлэн хоёр хүнийг шархдуулж, тэгээд энэ бүхний зургийг гар утсаараа авсан байна. Сүмээс гарахад нь террористуудыг цагдаа нар буудан устгасан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ