Вьетнам рестораны эзэн хятадуудад үйлчлэхээс татгалзжээ

Вьетнамын Дананг хотын “Нгокуй” рестораны эзэн хятадуудад үйлчлэхээс татгалзжээ. “The Shanghaiist” сонины лхагва гарагийн дугаарт ингэж бичсэн байна.
БНХАУ-ын зочдод мэдэгдэх үүднээс нэрийг нь хэлэхгүй байгаа тэр хүн “Хятадуудад юу ч худалдахгүй” гэж бичсэн пайзыг үүдэндээ өлгөжээ. Эрх баригчид энэ бичгийг авахыг рестораны эзнээсшаардсан ч, хятадууд зөндөө түвэг учруулдаг төдийгүй, бусад үйлчлүүлэгчид саад болдог хэмээн тэр тайлбарласан байна.
Өмнө нь БНХАУ-ын зочдыг дуртай хүлээн авч, англиар ярьдаг байсан. Гэтэл тэд англи хэл ойлгодоггүй мэт дүр эсгэж, эвгүй зан гаргадаг болсон гэж “Нгокуй” рестораны эзэн хэлжээ. Түүний хэлснээр, тэд юаниар төлбөр тоооцоо хийхийг оролддог аж. Харин үүнийг Вьетнамын хуулиар хориглосон байдаг аж. Вьетнамын донгоор төлбөр тооцоо хийх дээрээ тулахаар, тэд үнэ буулгахыг элдвээр оролддог байна. Хоёр долоо хоногийн өмнө хэсэг жуулчин өөрсдөд нь өгсөн хоолыг захиалаагүй хэмээн хэлж, үнийг нь төлөөгүй жишээг рестораны эзэн дурджээ.
Гэсэн ч эндхийн эрх баригчдын төлөөлөгчид вьетнам эрийн тайлбарыг эс хүлээн авч, зарлалын пайзыг яалт ч үгүй авахуулсан байна.
Вьетнам, Хятадын харилцаа тийм ч сайнгүй байгааг саяхан БНХАУ-ын бас нэг жуулчин эмэгтэйн талаар гаргасан үйлдэл харуулжээ. Вьетнамын хилчин түүний паспортыг гэмтээсэн байна. Хятадын нутаг хэмээн харуулсан Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд бүхий БНХАУ-ын газрын зурагтай хоёр хуудсан дээр хилчин маргаантай нутгийн яг дээр нь хараалын үг бичжээ.
Хошимин хотод суугаа хятадын ерөнхий консулын газрын дипломатууд үүнтэй холбогдуулан гэм буруутай этгээдийг шийтгэн, цаашид ийм явдал дахин гаргуулахгүй байх баталгаа өгөхийг шаардсан бичгийг вьетнамын эрх баригчдад илгээсэн байна.
Өмнөд Хятадын тэнгис дэх арлууд Хятад, Тайвань, Малайз, Филиппин, Бруней, Вьетнамын нутаг дэвсгэрийн маргааны бай болж байдаг юм. Скарборогийн усан доорхи хадан цохио, түүнчлэн нефть, байгалийн хийгээр баялаг хэмээн үздэг өмнөдийн Спратлийн олтригийн эргэн тойрны байдал хамгийн түгшүүртэй байдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ