Оростой харилцаагаа тууштай хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна

“БНАСАУ, Оросын харилцаа тууштай хөгжинө” гэдэгт итгэлтэй байгаагаа Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун илэрхийлжээ. Оросын төрийн тэргүүн Владимир Путинд илгээсэн илгээлтэд ингэж дурдсан байна. Уг илгээлтийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг даваа гарагт тараажээ.
“Солонгос, Оросын найрамдал, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний хүсэл зоригийн дагуу тууштай хөгжинө гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдээнд өгүүлжээ.
Японы ноёрхлоос Солонгосыг чөлөөлсний 71 жилийн ойг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч өмнө нь Путинээс мэндчилгээ хүлээн авсан байна. “Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн болон хүмүүнлэгийн төслүүдийн салбарын яриа хэлцээ, үр бүтээлтэй хамтын ажиллагаа хоёр орны ард түмний эрх ашигт нийцэж, түүнчлэн Солонгосын хойгт болон нийт Зүүн хойд Азид энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Оросын ерөнхийлөгч илэрхийлсэн”-ийг илтгээлтэд тэмдэглэжээ.
Солонгос 1910-1945 онд японы колони байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Япон үг дуугүй бууж өгсний дараа Солонгосын хойгийг Японы эрхшээлээс чөлөөлсөн билээ. Дараа нь Солонгос цэргийн хариуцлагын хоёр бүс – зөвлөлтийн (умард) болон америкийн (өмнөд) бүсэд хуваагдсан юм. ЗХУ, АНУ хоёр тус орныг нэгтгэх тухай тохиролцож чадаагүйгээс 1948 онд өмнөдөд БН Солонгос Улс, умардад БНАСАУ гэсэн хоёр тусдаа улс байгуулагджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ