УБТЗ-ын захиргаа шүүхэд хандахаа мэдэгдэв

"Болд төмөр-Ерөө гол" компаниас ШӨХТГ-т гомдол гаргасан байна. Үүний дагуу ШӨХТГ шалгалт явуулан энэ оны зургаадугаар сарын 20-нд "Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын тарифын мөрдлөгт өөрчлөлт оруулах тухай"тушаал гаргаж, вагоны хоосон гүйлтийн тарифыг нэмэгдүүлсэн шийдвэрийг буруутган 1.8 тэрбум төгрөгөөр торгожээ. Шинэчилсэн тарифыг долдугаар сарын 1-нээс мөрдөнө гэж тушаалдаа заасан аж.

УБТЗ нь Монгол, Оросын тавь, тавин хувийн хөрөнгө оруулалттай 1949 оны гэрээгээр зохицуулагддаг байгууллага бөгөөд бие даасан үйл ажиллагааг явуулах онцгой эрхтэй ажээ. Үнэ тариф, хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөхөд Монгол, Оросын тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэдэг юм байна. Зарим тохиолдолд замын даргад эрхийг шилжүүлж ирсэн байна.

Гэтэл ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр "ШӨХТГ 2006 онд Монгол-Оросын Хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ыг зүй ёсны монополь аж ахуйн нэгж гэж тодорхойлсон байдаг. Монополь ААН нь үнийн тарифтаа өөрчлөлт оруулахдаа ШӨХТГ-аар хянуулж, зөвшилцөх ёстой. Гэтэл тус байгууллага манайд мэдэгдэлгүйгээр үнэ тарифаа нэмсэн. Тиймээс УБТЗ-ыг 2015 оны нийт орлогын 3 хувиар буюу 1.8 тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа." гэжмэдэгджээ.

Харин УБТЗ-ын зүгээс "ШӨХТГ албан ёсоор УБТЗ-д хандалгүй олон нийтэд шуугиан үүсгэх зорилгоор мэдэгдэл хийсэн, ерөнхий хорооны хурал, олон улсын хэлэлцээрийг үл хүндэтгэсэнд харамсал илэрхийлж байна." хэмээн мэдэгдлээ.

Түүний энэхүү мэдэгдэл, торгуулийн албан бичиг УБТЗ-д өнөөдрийг хүртэл ирээгүй гэнэ. Тиймээс УБТЗ-ын захиргаа уг торгуулийг эсэргүүцэн шүүхэд хандахааилэрхийлэв.

Албан ёсны хариу тайлбарыг ШӨХТГ-ын албан бичиг ирсний дараа хуулийн дагуу хийх юм байна.

Дашрамд дурдахад, Эрдэс бүтээгдэхүүний үнэ болон тээвэрлэлт 73%, импортын гол тээвэр барилгын материал, цементийн тээвэрлэлт 34% буурсан хүнд нөхцөлд УБТЗ 4 тэрбум төгрөгийн ашигтайгаар ажиллаж байгаа юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ