Цэцэрлэгийн гадаа дугаарлаж, хонох шаардлагагүй

Цэцэрлэгийн бүртгэл эхлэхээс долоо хоногийн өмнөөс иргэд цэцэрлэгийн гадаа дугаарлаж эхэлсэн билээ. Гэвч дугаарлах шаардлагагүй болохыг өнөөдөр холбогдох албаныхан мэдээллээ.
Энэ талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах юм байна. Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулах гэнэ. Ингэснээр эцэг, эхчүүд завтай цагтаа ирж бүртгүүлээд, нэг өдөр цуглаад хүүхдээ цэцэрлэгт оруулах боломжтой болох юм. Энэ жил 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлэх юм.
Харин өнгөрсөн хичээлийн жилд орсон хүүхдийг цэцэрлэг бүр үргэлжлүүлэн суралцуулах юм.
Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх элсэлтийн зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүлж байгаа аж.
Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 69428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22259 буюу 24.3 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 2016-2017 оны буюу энэ хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу 6115 хүүхдээр нэмэгдэх юм байна.
Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойргийг хавсралтаар баталсан. Хавсралтыг эндээс харна уу НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГ ХАМРАН СУРГАХ ТОЙРОГ 2016.pdf
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ