МАН, АН адилхан "пүү паа" болсон уу

Монголын эдийн засаг хямарсан юм байна гэдгийг дотроо төдийгүй гадаад талдаа ойлголоо.

Ерөнхий сайд хямалыг шинжилж дуусч байгаа бөгөөд оношоо бараг олсон, эмчилгээгээ эхлэнэ гэж мэдэгдлээ. 12-18 сард макро түвшинд заслаа хийж дуусгана гэж хэлсэн ЕС-ын амлалтыг их хүлээлтэд байсан хэвлэлийнхэнд зориулж 12-18 сард эдийн засгийг бүрэн хөл дээр нь босгоно гэж ялимгүй хөөсрүүлээд олон нийтэд зарлажээ. Манай улсын орлого зарлагын баланс алдагдаж, төсвийн гүйцэтгэлээр эхлүүлсэн ажлууд таг гацаж, гүйцэтгэгч компаниудаа хөлдөө чирж бүр цаашлаад валютын нөөц шавхагдсан бололтой.

Гэвч төрийн уураг тархи хамгийн чухал буюу бодлогын бохирдлоос гарах ёстойг өнгөрсөн 20-иод жил үндсэндээ харуулсан. Манай төр, түүний хамгийн том инстүүц болсон НАМ-ууд тархины бичлэгээ сайн хийлгэж дэлхийн жишиг улс орнуудын уруудсан хямарсан “сургамжит” өгүүллийг дахиад нэг унших хэрэгтэй болжээ. Төрийн залгамж чанар алдагдаж намын цэвэрлэгээн доор төрийн тогооноос амаа тостох хавтас барьсан дараалалд дээгүүр жагсах нь улс төр хийхийн мөн чанар болсон байхад валютын сан мянгаар нэмэгдэж, төсвийн орлого хэдэн их наядаар тэлсэн ч нэмэргүй. Хусмыг нь ард түмэн авч хулгайч улс төрчид өрмийг нь авсаар улс хөгжихгүй хэвээр л үлдэнэ.

Томилгоо нэртэй төрийн албаны цэвэрлэгээнээс илүүтэй төрийн бодлогод их шүүлтүүр тавих хэрэгтэй болсон арай ч дээ жишээ олон. МАН, АН хоёр адилхан. Сонгуульд олонх болж гарч ирэх бүрдээ ямар нэг “арай ч дээ” жишээний сенсаац дэгдээдэг.

Ардчилсан намын засгийн үед Н.Алтанхуяг ерөнхий сайд нь төсвийн хөрөнгийг арай дэндүү хусаж байсныг “илчилж” пүү паа болж байв. Нэг эмнэлгийн барилгад хэдэн тэрбумыг авчихаад, таван жил дуусгахгүй уяж жил бүр тэрбумаар мөнгө саадаг саалийн үнээ болгосон. Сум бүрт барих цэцэрлэг сургуулийн барилгын зураг төсөл нэрээр хэдэн зуун саяар нь барилгын зураг гээчийг гаргах зэргээр өнөө муу чадуу төсвөө чадлаараа мөлжиж хөлжиж байдаг талаар мэдээлж байсан. Ингээд төсвийг эрүүлжүүлж, хөөсийг нь хага хатгана гэж баатарласан. Нэг их удалүй Н.Алтанхуягаа унагаагаад авсан. Өнөөх хөөстэй төсвөөс баахан обьект царцаад, бүх юм бахь байдгаараа үлдсэн. Алдагдалтай төсвөө ч хөөсрүүлж баталсан.

Энэ удаа үнэмлэхүй ялсан МАН дээд хүрээний буюу намын бялууны зах гэж болохалбан тушаалтнуудын цалинг голыг нь харалтал хасах тухай мэдэгдэв. Үүнийхээ ард 30, 20 саяын цалинтай урамшуулалтай төрийн өмчит компанийн захирлууд байдаг талаар сенсаацлав.Нийгэмд дахиад “пүү паа” боллоо. Юу эд нар, юу хийдэг гэж ингэж толгой дээрээ мөнгөөр бороо оруулна вэ. Ипотекийн зээлтэй нэг иргэний 15 жил төлж байгаа 30 саяыг ганц сард цалин урамшуулал болгоод авчихаж байгаа дарга нар байдгыг мэдэхэд иргэдэд яаж буух вэ. Энэ бүхэн төсөвт хэмнэлт болж эхлэх ч нөгөө талд төсвөөс хусдаг цохьдог сүлжээ нь тасраагүй байхад нэмэргүй.

МАН-ын шинэ засгийн ойрын өдрүүдийн мэдээллүүдийг харахад товчдоо нийгэмд таалагдах, хэвлэлд ассан таагүй мэдээний галыг унтраах, унасан намыг өсгийлдөж ирж буй хямралын бурууг 100 хувь тохож аваад аврагч болоод ардчилагч болох гэсэн ядарсан зүйлээр хэт хөөцөлдсөөр. Төрийн тархины хямрал нь бодлогодоо туссаар байгаа харагдана.

МАН энэ тэргүүнд байдлаа оношлоод өөр зүйл санаачилга гаргах байсан. Нэгэн цагт МАНАН байсан хоёр ана мана үзэлцэхийг хойш тавьж, ийм болгосон хямралын хариуцлагаа хамтдаа хүлээгээд, энэ улсаа босгоё гэж уриалснаар эхэлсэн бол. Ядаж л хямарч явахад хатиг шиг буглаж байгаа энэ хуваагдал талцаан бий болохгүй. Ард түмэн байдлыг ойлгож сангийн сайдын мэдээг түргэдсэн гэсэн ч үнэн юм гэж төр засгаа хүрээлэх байлаа. Одоо бол унасан намдаа бүхнийг чихээд амлалтаасаа бултах нүхээ хийлээ гэж бухимдсан олон танай, манай нам, чиний миний сонголтын буруу гэж өнгөрсөн сонгуулийн сорвио сэдрээн талцаад байна.

Нэг асуулт үлдээхэд улс төрийн нэг нам солигдсоноор улс орныг, ард түмнийг аварна гэдэг гэнэн сэтгэлгээг хөөсрүүлэхээ хэзээ болих юм бэ. Аль ч нам гараад гуйвшгүй мөрдсөөр 30,40 жилийн дараа ингэж хөгжинө гэсэн хөгжлийн бодлогогүй явна бид. Нэг нам 76 суудлыг 100 хувь авчихвал энэ улсыг танигдахгүй болгож хөгжүүлнэ гэж ард түмнээ хулхидах. Үүнийгээ хэлбэрдэх гэж халамжийн төсвөө нэмж төсвийнхөө халаасыг гөвдөг хэвээрээ л байна шүү дээ. 4 жил өнгөрөх бүрт нэг хөгжүүлэгч сайд нар гарч ирж дахиад тэрнийхээ алдааг засдаг гэж бас нэг их мэдэгч аврагчид гарсаар манай төр өөрөө бодлогын гүн хямралдоржээ. Эдийн засгийг эрхэлдэг тусдаа зөвлөл байгуулж, аль улс төрийн хүчин дураараа бодлого гаргаж 4 жил самрахаас хамгаалдаг тусдаа инстүүц байгуулмаар.

Намуудын хөөсөрсөн арчаагүй улс төр, бүлэглэсэн явцуу сонирхлын хөрсөн дээр залхуурал хийдүүлэлт, амиа бодсон авилгын сэтгэлгээмуу муухай явдал нийгэмд тархаж, шудрага эрх тэгш хөгжинө гэсэн ард түмний итгэл нь хагдран унаж байна шүү дээ. Энэ бол эдийн засгаас тусдаа асуудал биш, хөгжилгүй үлдэхийн суурь шалтгаан гэж бодно.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ