Обама Путинтэй уулзсан тухайгаа ярьжээ

Хятадын Ханжоу хотод АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн Оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй хийсэн хэлэлцээ ажил хэрэгч байдалд болж, анх товлосноосоо удаан үргэлжилжээ. Ройтерс агентлаг Цагаан ордны төлөөлөгчийн хэлснийг иш татан даваа гарагт ингэж мэдээлсэн байна.

“Путин бид хоёрын уулзалт илэн далангуй, шударга, ажил хэрэгч байдалд болдог, энэ уулзалт ч мөн адил” гэж америкийн төрийн тэргүүний хэлснийг РИА Новости агентлаг иш татсан байна.

Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр, төрийн тэргүүн нар Сирийн байдлыг хэлэлцжээ. “Бид гал зогсоох бодитой горим ямар байх тухай үр бүтээлтэй хэлэлцсэн нь“Исламын улс”, “Жебат ан-Нусра” бүлэглэлүүд зэрэг нийтийн дайсанд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг Орос, АНУ-д олгоно”гэж Обама хэлээд, Орос, АНУ байр сууриа ойртуулж чадаагүйг тэмдэглэжээ.

Сирийн талаар тохиролцоонд хүрэх талаар цаашид ажиллахыг АНУ, Оросын гадаад бодлогын байгууллагын тэргүүн нарт даалгасныг америкийн төрийн тэргүүн дурдсан байна.

Минскийн хэлэлцээр хэрэгжихгүй байгаа нөхцөлд Оросын эсрэг хориг арга хэмжээг америкийн тал цуцлахгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ханжоу хотод хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

“Минскийн хэлэлцээр гэж бий. Гэвч энэ хэлэлцээр биелэхгүй байна. Хэлэлцээр биелэхгүй байгаа цагт АНУ хориг арга хэмжээг цуцлахгүй” гэж Обама Оросын ерөнхийлөгчтэй уулзахдаа хэлснээ дурдсан байна.

Украины хүчнийхэн 2014 оны дөрөвдүгээр сараас журамт цэргийнхний эсрэг хүчний ажиллагаа явуулж байгаа Донбассын байдлыг зохицуулахад чиглэсэн Минскийн тохиролцоог Оросын тал хэрхэн биелүүлж байгаатай холбоотоойгоор зарим улс Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах асуудлыг авч үздэг юм. Гэвч Орос улс энэ мөргөлдөөнд оролцогч тал биш, тиймээс Минскийн тохиролцоог хэрэгжүүлэх талаар хариуцлага хүлээхгүй гэдгээ тус улс удаа дараа мэдэгдэж байсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ