БНАСАУ-д сэрэмжлүүлэх цохилт өгч, Пхеньяныг устгах төлөвлөгөө боловсруулжээ

Хэрвээ цөмийн зэвсэг хэрэглэхээр зэхэж байгаа шинж тэмдэг илэрч, эсвэл Умард, Өмнөдийн хооронд дайн эхэлсэн тохиолдолд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун болон тус орны цэргийн удирдлагын эсрэг цохилт өгөхөөр заасан үзэл баримтлалыг Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам боловсруулжээ. БНСУ-ын цэргийн эх сурвалжийн хэлснийг иш татан “Ёнхап” агентлаг ингэж мэдээлсэн байна.
Сэрэмжлүүлэх эрчимтэй цохилт өгснөөр Умард Солонгосын нийслэл Пхеньяныг устгахаар төлөвлөгөөнд зааж байгааг тэр хүн тодруулан тайлбарлажээ.
Умардынхан цөмийн зэвсэг хэрэглэх гэж байгаа ямар нэг шинж тэмдэг илэрмэгц “Пхеньяны дүүрэг бүр, ялангуяа Умард Солонгосын удирдлагын нуугдаж байж болох дүүргийг баллистик пуужин болон фугасан сумаар нэгмөсөн устгана. Өөрөөр хэлбэл, Умард Солонгосын нийслэлийг үнсэн товрог болгож, газрын зургаас арчина” гэж тэр хүн тайлбарласан байна.
Энэ тохиолдолд “Hyunmoo 2AS, 2BS болон Hyunmoo 3s” маягийн баллистик пуужин хэрэглэхээр төлөвлөж байна гэж тэр хэлжээ. Эдгээр пуужин нь 300, 500 болон 1000 километрийн тусгалтай юм.
БНАСАУ байгуулагдсаны 68 жилийн ойгоор буюу есдүгээр сарын 09-нд Умард Солонгосын цэргүүд энэ оны хоёр дахь цөмийн дэлбэлэлт хийсэн юм. Стратегийн баллистик пуужинд суурилуулахаар Пхеньяны эрх баригчдын төлөвлөж буй цөмийн стандартын цэнэгт хушууны үзүүлэлтийн тухай мэдээ олж авах нь уг туршилтын зорилго байжээ.
Туршилтыг Өмнөд Солонгос, АНУ болон Япон эрс зэмлэн буруушаасан юм. Оросын тал ч энэ үйлдлийг буруушааж байгаагаа бас илэрхийлээд, энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж байгаа хэрэг гэдгийг сануулсан байна.
БНАСАУ түрүүчийн цөмийн туршилтыг нэгдүгээр сарын 06-нд хийж, нэг сарын дараа дэлхийн хиймэл дагуул бүхий зөөгч пуужин хөөргөж, ингэснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчсөн билээ. Тийнхүү Аюулгүйн Зөвлөл хориг арга хэмжээг чангатгасан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ