Дэлхийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг шинэчилжээ

Олон улсын “ECA International” байгууллагаас дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын жагсаалтыг шинэчилжээ. Энэ удаа жагсаалтад ихээхэн өөрчлөлт орсон бөгөөд олон жилийн турш эхний байрыг булаалдсан Москва, Токио зэрэг хот эгнээ ухарсан байна.
Шинжээчдийн үзэж буйгаар евро бүсийн хямрал, Ойрх Дорнодын зөрчилдөөн дэлхийн эдийн засаг, санхүүгийн годирлыг өөрчилж байгаа ажээ.
1.Норвегийн нийслэл Осло
Өндөр технологийн бүтээгдэхүүн, ажиллах хүчний хөлс, согтууруулах ундаа, тамхины татвар зэрэг хүчин зүйл тус хотыг хамгийн өртөг өндөртэй хот болгов.
2.Анголын нийслэл Луанда
Бүтээгдэхүүн, үйлчилгээний ихэнхийг импортоор хангадаг, тэр дундаа баруун Европын эдийн засгаас ихээхэн хараат энэ хот өртөг өндөртэй хотуудын жагсаалтад хоёрдугаарт оржээ. Ингэснээр Африкийн хот энэ жагсаалтад дээгүүрт орсон анхны тохиолдол болов.
3.Норвегийн Станвангер
Хүн амынхаа тоогоор улсдаа нэгдүгээрт ордог энэ хотод Норвегийн нефтийн компаниуд төвлөрдөг бөгөөд Ойрх Дорнодын үймээн самуун өртөг өндөрнүүдийн жагсаалтад ороход хүргэжээ.
4.Өмнөд Суданы нийслэл Жуба
Иргэний дайн, дотоод үймээнээсээ салж чадахгүй байгаа Өмнөд Суданд ажиллах хүчний эрэлт, цалин хөлс энэ онд хэд дахин өссөн нь энэ жагсаалтын дөрөвдүгээрт ороход нөлөөлжээ. 2011 онд Хойд Суданаас тусгаар тогтносон ч эх орноо орхин дүрвэгсдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа.
5.ОХУ-ын нийслэл Москва
ОХУ-ын нийслэл Москва хот энэ удаа тавдугаарт бичигдлээ. Хэрэглээний үнийн индексийг Засгийн хүчээр тогтоосон нь иргэдийн амьдралд үр нөлөөгөө үзүүлж буй гэдэг. Энэ хотод аяга кофе, бургер, метроны үнэ бусад хотуудаас хэд дахин өндөр бөгөөд систем задарснаас хойш үүнийг залруулах гээд хүчрээгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
6.Японы нийслэл Токио
Энэ хот ажиллах хүчнийг хамгийн өндрөөр цалинжуулдаг учраас жагсаалтыг гурван ч удаа тэргүүлсэн. Ажилчид өндөр хөлс авах хэрээр бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өндрөөр тогтдог.
7.Швейцарийн Цюрих
Улсынхаа хамгийн том, хүн ам ихтэй энэ хот ер нь өртөг өндөртэй. Хамгийн тансаг ресторан, дэлгүүр, театр гээд мөнгө их зарцуулах зүйл ихтэй. Дэлхийн эдийн засгийн элдэв өөрчлөлтөөс үл шалтгаалан өртөг өндөртэй хотын жагсаалтад байнга ордог.
8.Швейцарийн Женев
Цюрихтэй ижил. Женевт зочилж, аялана гэвэл чамгүй мөнгө зарцуулна. Усан онгоцны боомтууд, тансаг хорооллууд, зочид буудлын өндөр үнэ гээд дунджаас дээш орлоготнууд энэ хотоор аялахад тохиромжтой.
9.Швейцарийн Базел
Энэ хоёр байраар урагшилж есдүгээрт оржээ. Германтай хиллэдэг энэ хотод евро бүсийн хямрал нөлөөлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн нь ийм байдалд хүргэв.
10.Швейцарийн нийслэл Берн
Энэ удаа хамгийн өртөг өндөртэй хотуудын эхний аравт Швейцарийн дөрвөн хот оржээ. Ер нь энэ улсад цагаачлагсдын тоо тийм ч их биш. Амьдрахад нэн таатай, зохистой хэрнээ өртөг өндөртэй учраас амьдралаа дээшлүүлэхийг хүссэн нэгэн нь тэнд ажиллахад хэцүү.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ