Ц.Цэрэнболдын тоглосон кино олон улсын наадмаас шагнал хүртжээ

Монгол улсад үйл явдал нь өрнөдөг “Burn your maps” уран сайхны кино Калгаригийн олон улсын кино наадамд оролцож буй тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус кино нь Cinelou Films-ын бүтээл бөгөөд АНУ-ын найруулагч Жордан Робертс найруулсан юм. Гол дүрд нь 2015 оны Торонтогийн кино наадмын үзэгчдийн нэрэмжит шагналт Жакоб Трэмбли гэх найман настай хүү тоглосон аж.
Кино монголчуудын амьдрал ахуйг харуулна. Найман настай Америк хүү Вэсийн гэр бүлд эмгэнэлт явдал тохиож, өөрийгөө монгол малчин гэдэгт итгэснээр үйл явдал өрнөнө. Вэс өөрийгөө харийн газар төрсөн Ганзориг хэмээх монгол малчин гэж боддог. Үүнийгээ эцэг эхдээ хэлж, гэр бүлийнхний хамтаар Монголын уудам тал нутгаар мартахын аргагүй аялал хийсэн тухай кинонд өгүүлдэг байна.
Энэхүү уран бүтээлд Канадын Алберта мужийн монголчууд оролцож, Монгол соёл, урлаг, үндэсний хувцас, хөгжмөө чадварлаг сурталчилжээ. Мөн МУСТА жүжигчин Ц.Цэрэнболд, жүжигчин Вера Фармига, Виржиниа Мэдсэн болон Мартон Шокас, Сураж Шарма гэх алдартай жүжигчид тоглосон юм. УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболдын хувьдхөгшин зайрангийн дүрийг бүтээжээ.
Киноны нээлт өнгөрсөн сарын 23-ны өдөр болсон байна. Жил бүр 40 гаруй орны дэлгэцийн урлагийн уран бүтээлчдийн 200 орчим кино толилуулж, шагнал гардуулах ёслол зохион байгуулдаг дээрх наадамд “Burn Your Maps” кино “Үзэгчдийн таашаалд нийцсэн шилдэг зохиол” шагнал хүртжээ.
М.Эгшиглэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ