Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө. Мөн дээрх арга хэмжээнд Ю.Цэдэнбал агсны төрсөн хүү Зориг оролцлоо.
Дараа нь Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн тоглолт болов. Хүндэтгэлийн тоглолтыг нээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлсэн юм.
Судлаачид Ю.Цэдэнбал агсныгМонголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж үздэг.
Тухайлбал, хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон, 1940 онд манай улсыг ганц л орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн хэмээн тодотгодог юм.
Тэгш ойг нь тохиолдуулан Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоорУИХ, Засгийн газраас тогтоолуудыг баталсан байдаг бөгөөд энэ сарын 15-аас эхлэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Тухайлбал, Монголын үндэсний төв музейд “Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн “Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат “Маршалын нууц товчоон” номуудын нээлт болсон бол өчигдбр Соёлын төв өргөөнд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт болсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ