Амьдралынхаа туршид номын санд суух боломж нээгджээ

Дэлхий даяар техник технологи цаг хугацаатай уралдан хөгжиж байгаа энэ үед цахим ертөнц биднийг тэр бүгдтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог. Ялангуяа гар утасны хэрэглээ бидний амьдралын салшгүй нэгэн хэрэглээ болж, түүнийг байж болох бүхий л хүчин чадлаар нь, янз бүрээр ашиглаж байна.
Авлига авахдаа хүртэл гар утсаараа авдаг болсон энэ үед манай улс цахим номын сангийн хувьд харьцангуй хоцрогдолтой явж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Харин өнөөдөр бидэнд энэ ертөнцөд алхан орох боломжийгХүүхдийн төв номын сангийн "Цахим уншлагын танхим" төслийн хамт олон нээжээ. Тэд номын сангаа албан ёсоор нээж, сэтгүүлч, зохиолч, багш гэх мэт олон нийтийн төлөөллүүдэд танилцуулга мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр тус төслийн зохицуулагч Жалайр М.Баттөгс гар утсыг хүний нэг эрхтэн хэмээн зүйрлэж хэлсэн нь үнэний ортой гэдэгтэй уншигч Та ч санал нийлэх биз ээ. Тиймээс үүнд зориулан номын санг гар утсанд нь хүргэж өгөх зорилго бүхий ажлыг эхлүүлж жил хагасын хугацааны дараа ийнхүү олны хүртээл болгож байгаа аж. Ингээд Цахим номын сангийн талаар товч мэдээлэл өгье. Ач холбогдол буюу давуу талыг дурдвал:
-Логоны тухайд гэвэл, e нь үүл буюу интернэт бөгөөд доор нь байгаа цайвар хэсэг бол ертөнц дэлхий аж. Харин ном гэсэн бичээсийг чиглэж буй дээр доор байгаа сум нь холбоос гэсэн утга санааг, харин дэвсгэр ногоон өнгө нь байгальд ээлтэй, эко гэдэг агуулгыг илэрхийлж байгаа юм байна.
-Байгаль орчинд ээлтэй ногоон технологи. Цаасыг модоор хийдэг. Тэгвэл цаас хэрэглэхгүй тул байгаальд ээлтэй.
-Хэвлэлтэд будаг, химийн бодис зэрэг маш олон зүйлийг ашигладаг бол эдгээрийг халж байгаа юм.
-Номын сан бол маш олон ном хадгалдаг газар. Тэнд тоосжилт, бохирдол үүсдэг. Тэдгээрийг хангалттай цэвэрлэж чадахгүй тохиолдолд элдэв эрсдэл бий болно. Цахим номын санд ийм сөрөг тал байхгүй.
-Цаасан номыг бодвол хөнгөн. 800 хуудастай “Онцгой эрх”, “Манан будан” зэрэг маш олон хуудастай номуудыг барьж явахад бэрх. Түүнчлэн хугацаа ч их орно.Тэгвэл утсан дээрээсээ л уншчих боломжтой.
-Монгол орны 3G сүлжээтэй аль ч өнцөг булан бүрт унших боломжтой. Тодруулбал, “Номын хүрээ” хэмээх аппликейшнийг татаж авахад үнэгүй, харин ном уншихад нэг сард 3000 төгрөг, улиралд 9000 төгрөгийн үнэтэй юм байна. Түүнчлэн нэг жилээр сунгавал урамшуулалтай. Татсан номоо уншихад интернэт шаардлагагүй. Номоо татаж авахдаа л интернэт ашиглана.
Уг төслийн зохицуулагч Жалайр М.Баттөгс энэ үеэр “Бид энэ чиглэлээр төр юу хийж байна вэ гэдгийг нэлээд хугацаанд харсан. Хөрөнгө мөнгөний асуудал, зохион байгуулалтын асуудал гэх мэт. Гэтэл төр дан төхөөрөмжийн чиглэлд анхаарлаа хандуулаад байдаг. Хүүхдүүдэд Padтарааж өгөөд ном уншина гээд байдаг. Гэтэл унших юм нь бага. Техник бараг зургаан сар тутамд л шинэчлэгдэж байхад нөгөө Padнь жил болоод л хоцрогдчихдог. Ингээд бид энэ төслөө хэрэгжүүлэхээр санаа шулуудан хөдөлсөн юм.” хэмээн ярьсан юм.
Хүн амын нягтаршил эрс өсөн нэмэгдэж, хаа нэг тийш явахдаа хүмүүс нийтийн тээвэр, унаанд, өөрөөр хэлбэл, замд багагүй хугацааг зарцуулдаг болсон. Тэгвэл энэ цаг мөчөө номын санд өнгөрөөх боломжтой болж байна.
Энэхүү номын санд өдөрт 7-8 ном шинээр нэмж оруулж байгаа гэдгийг уг төслийнхөн дурдсан юм. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.
Сонирхуулахад, зарим хүн ном уншихдаа цаас, цавууных нь үнэрээс хүртэл таашаал авдаг бол сүүлийн үед ийм төрлийн үнэртүүлэгч гарсан байна. Түүнийг цахим номоо унших үедээ агаарт цацахад яг л хэвлэмэл ном уншиж буй мэт сэтгэгдэл төрдөг гэнэ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ