Засгийн газар ард түмнээс ямар үнэлгээ авах вэ?

МАН-ын ялалт улс орон, ард түмэнд юу өгөх вэ гэдгийг Засгийн газрын үйл ажиллагаагаар дүгнэж болно.

Тэгвэл өнгөрсөн богинохоон хугацаанд энэ засагт итгэх иргэдийн итгэл алдарч эхэлсэн бололтой. Учир нь мэргэжлийн гэх тодотголтой танхимынхан нэг юм шийдвэрлэлээ гэх боловч ард олныхоо саналаар буцаалаа, болилоо гэнэ. Аль эсвэл намын нөхдөөсөө банга хүртээнэ. Нэг бодлын чих зөөлөн ч юм шиг. Нөгөө бодлын хэдхэн цаг, өдрийн дотор хэдэнтээ эргэж буцна гэхээр чадваргүйгээ харуулаад ч байх шиг. Тиймээсч Засгийн газрын 100 дахь өдрийн тайланг тэдний өмнөөс иргэд өөрсдөө гаргаад эхэллээ. Үгүйсгээд хэлэх зүйл бараг алга.

  1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зогсоов
  2. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг зогсоов
  3. Хамтын тэтгэврийн тухай хуулийг зогсоов
  4. Ипотекийн зээлийг зогсоов
  5. Хүүхдийн мөнгийг зогсоосноо болиод 60 хувьд нь ялгаварлан өгөхөөр болов
  6. Оюутны 70 мянгыг зогсоов
  7. Эмч, багш нарын тэтгэмжийг бууруулав
  8. Ажилгүйдлийн тэтгэмжийг бууруулав
  9. Иргэдийн орлогоос хамаарч татвар нэмэв
  10. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоов
  11. Шилэн дансыг зогсоов
  12. 1111 төвийг татан буулгав
  13. Бар цэнгээний газрыг 00:00 цагт хаахаар болов
  14. Гадаадад тэтгэлгээр сурахыг зогсоов
  15. Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгов
  16. Төрийн албан хаагчдыг хоморголон халав
  17. Хос хөдөлгүүртэй машинд татвар нэмэхээр зэхэв /приус/
  18. Сайн хөтөлбөрүүдийг зогсоов
  19. Автобусанд кондуктор зогсоов
  20. Доллар хяналтаа алдав
  21. Гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг удахгүй унтраав
  22. Офшортой гишүүдэд шалгалт хийхийг зогсоов

Эдгээр ажлын зарим нь талархал хүлээж буй харагдана лээ. Тухайлбал, төв талбайн нэрийг хуучнаар нь сольсон, Бар цэнгээний газрыг 00:00 цагт хаах зэрэг нь зарим нэгэнд таалагджээ. Гэхдээ нэр солих, архидалтыг таслан зогсооход төдийлөн нөлөөлж чадахгүй шалдар булдар энэ мэт ажлыг олонх нь чамлангуй байгаа байдал ажиглагдаж байна. Харин энд дурдсан ажлуудын дийлэнх нь шүүмжлэл дагууллаа. Эрх баригчдын хийж байгаа үйлдэл бүр өмнөхөө үгүйсгэхийг хичээж, АН-ыг төр барихдаа улс орныг энэ бүгдээр самарсан мэтээр олонтаа давтан ярьсан болохоор зарим нэг хийх ёстой зүйлээсээ ухарч байгаа дүр зураг харагдаж байгаа нь илхэн. Тэд ийм ухралт хийхгүй бол өмнөх засгийн үйл хэргийг хүлээн зөвшөөрсөн болчих гээд болохгүй байгаа бололтой. Тиймээс ичсэн хүн хүн ална гэгчээр олон нийтийн эерэг хандлагатай байсан ажил хэргийг үгүйсгэснээ булзааруулж, хямралын нэр барьж хэсэг хугацаанд хойшлуулсны дараа үргэлжлүүлэхээ зарлав. Харин зарим хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан асуудлыг өөрчилж, шинэчилсэн гэсэн тайлбартайгаар буцаад оруулж ирж байгаа.

Ер нь Засгийн газар 100 өдөр гүйцэтгэсэн ажлын тайландаа чухам юу юу тусгаж, ямар тайлбар өгөх нь эртнээс олны анхаарлыг татах боллоо. Энэ өдөр болоход одоо сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Ерөнхий сайдын танхимынхан үлдсэн өдрүүдэд эрчимтэй сайн ажиллаж, "гоё" харагдахгүй бол ард түмнээсээ ямар үнэлгээ авахаа гадарлаж байгаа биз ээ. Тэрхүү үнэлгээ нь улс орны хөгжил дэвшил болоод иргэдийн ахуй амьдралд гарч буй өөрчлөлтийн үр дүн болох учиртай.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ