З.Энхболд: Бид хуулиндаа нийцсэн, компаниудын байшинг шахаагүй, эрүүл моргейжийн системийг хийсэн

УИХ-ын дарга З.Энх­болдтой ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуул­­ганыг түр завсар­лууллаа. Чуулганыг зав­­­сарлуулах шаард­лага юу байв. Ер нь сүү­лийн үед УИХ-ын гишүү­дийг идэвх муутай бай­на гэж шүүмжилж бай­гаа?

-Ерөнхийлөгчийн сон­гуулийн кампанит ажил эхлээд хоёр долоо хонож байна. Ахиад гурван до­лоо хоног үргэлжлэх байх. Энэ үеэр УИХ-ын гишүүдийг тойрогтоо ажил­лаж сонгогчид­той­гоо уулзах бололцоо­гоор хангаж байгаа юм. Одоо сонгогчдын идэвх сай­жирсан байгаа. Энэ үеийг ашиглаад УИХ дээр хэ­лэлцэгдэж буй хуулиу­дын талаар та­нил­цуулга хийж иргэ­дийн­хээ сана­лыг авах зорилгоор то­ми­лолт өгч байгаа. Мэдээж сонгууль яригдах л байх. Ийм зорил­гоор энэ сарын 24-нийг хүртэл түр завсар­луулсан. 24-нөөс хойш УИХ-ын чуулганы нэгд­сэн хуралдаан үргэл­жилнэ.

-Хаврын чуулганыг хэдийгээр завсарлуу­лах вэ. Дунд нь түр зав­сарлага орж байгаа боло­хоор хуулийн хуга­цаанаасаа хойшлох байх?

-Хуулиараа долду­гаар сарын 1-нд зав­сар­лах товтой байдаг. Харин түр завсарлаж байгаа болохоор сонгуулиас хойш нэг юм уу хоёр долоо хоног сунгана.

-Сүүлийн үед УИХ-ын гишүүдтэй хамаатай таагүй хэргүүд сөхөгдөж эхэллээ. УИХ-ын гишүүн С.Баяр­цогт, Ё.Отгонбаяр, С.Ганбаатар гээд. УИХ-ын даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Мөнгө угаах тухай хууль УИХ-ын гишүүн байна уу, жирийн иргэн байна уу үл хамааран үйлчилнэ. Сэжигтэй гүйлгээ байгаа эсэхийг компьютер хайж олдог. Сэжигтэй гүйлгээ гэдэг нь иргэн Дорж ердийн цалингаараа амь­дардаг байснаа гэнэт 100 сая төгрөг дансаар нь орж гараад цалгиад эхэл­бэл банкны компьютер олж тогтоогоод мэдээлнэ. Үүнийг авлига, терроризм­той холбоотой байж магадгүй гэж үздэг. Ийм хуулийн системд ороод манай улс зургаан жил боллоо. Гэхдээ энэ бүхнийг ил тод зарлаад мэдээлээд байдаггүй. Мөнгө угаахын эсрэг хууль хэрэгжээд 20 саяас дээш сэжиг бүхий гүйлгээг шалгаад зургаан жил болоход иргэд, банкны хэвийн ажиллагаанд саад болохгүйгээр хуу­лийн байгуул­лага шалгалтаа хийгээд л явсан. Банкин дээрээ шалгалт нь явагдаад хэвийн бус байвал цагдаад өгдөг. Сая тэр хуульд томоохон өөрчлөлтүүд орж илүү боловсронгуй болсон. Дэлхийн ихэнх орнууд ийм хуультай. Энэ төрлийн хууль нь сул, цоорхойтой улс орон ч бараг үлдсэн­гүй. Тийм хуульгүй орны бүх гүйлгээг сэжигтэй гэж үздэг учраас бизнесийнх нь хурд саарч, удааширдаг. Харин манай улс дэлхий нийтийн мөнгө угаах системийн дотор яг ижил эрх зүйн орчинтой болсон учраас одоо хардуу­лаад байхааргүй болсон.

-Нууц хөрөнгө нь илэрсэн ги­шүүд, гишүүдийн гэр бүлийн тухайд. Хуулиар ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-С.Баярцогтын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй данс илэрсэн нь мөнгө угаах хуулийн биш авлигатай тэмцэх хуульд заасан зөрчил. Ё.От­гон­баяр гишүүний эхнэрийн нэр дээр байдаг олон данс, сэжиг бүхий гүйл­гээнүүд бас илэрсэн. Түүнийг нь хуулийн байгууллага мөнгө угаах хуулийн дагуу сэжиглэж байгаа гэсэн. Мөн дээр нь хөрөнгө орлогын мэдүү­лэгтээ эхнэрийнхээ 15 дансыг мэдүү­лээгүй байна гэдэг нь авлигын эсрэг хуулийг давхар зөрчиж байна гэсэн үг. Авлигын эсрэг хуулийн зөрчлөөрөө бол Ё.Отгонбаяр болон С.Баярцогт гишүүдэд яг ижил арга хэмжээ авна гэсэн үг. Хөрөнгө орлогын мэдүүлэгт зөвхөн өөрийнхөө дансыг бус эхнэрийн­хээ хөрөнгө, орлого болон банкны бүх дансыг мэдүүлэх үүрэгтэй байдаг. Ар гэрийнхнийхээ дансны дугаарыг мэдүүлэгтээ дутуу бичнэ гэдэг нь С.Баярцогт дансаа мартаад хариуцлага хүлээсэн шиг байдалд хүргэнэ. С.Баярцогт нэг данс мартсан бол Ё.Отгонбаяр 15 данс мартсан байгаа юм. Өчигдөр прокурор мэдээ­лэхдээ тэдний гэр бүлийн хүрээнд 21 данс байснаас зургаан дансыг мэ­дүүлсэн гэсэн. Ингэж дутуу мэдүүлнэ гэдэг нь ажлаас халагдах зөрчил рүү шууд орж байгаа юм. Тэр дансанд нь нэг төгрөг байсан уу, нэг сая төгрөг байсан уу, 100 сая төгрөг байсан уу гэдэг нь огт хамааралгүй.

-Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн хүнийг ажлаас хална гэж байх уу?

-С.Баярцогт дэд дарга гэдэг ажлаа­саа халагдсан. Тэгэхээр Ё.Отгонбаяр гэдэг хүн гишүүн гэдэг ажлаасаа халагдах байх, бодоход.

-Шинэ хууль ямар заалттай байгаа юм бол. Ийм хариуцлага хүлээлгэхээр байгаа юу?

-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэг­жинэ. Хэд хэдэн тодорхойгүй зүйлийг зассан байгаа. Жишээлбэл мөнгө угаах гэдэг нэр томъёог олон улсад хэрэг­лэгд­дэгтэй ав адилхан болгосон. Мөн Монгол банкны дэргэдэх санхүүгийн албаны үйл ажиллагааг ойлгомжтой болгож, огцом өөрчлөгдсөн, их дүнтэй, эдийн засаг хуулийн үндэслэлгүй, 20 сая төгрөгөөс дээш төлбөр тооцоог хянана. Ийм өөрчлөлтүүд орсон байгаа.

-С.Баярцогтын хувьд дэд дар­гын албан тушаалаа өгч гишүүн хэвээрээ үлдсэн. Харин Ё.Отгон­баяр гишүүн гудамжинд гарах нь. Энэ шударга уу?

-Төрийн албан хаагч хэн ч байсан хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу тайлагнавал ажлаасаа халагдах хүр­тэл арга хэмжээ авахуулна. УИХ-ын гишүүний хувьд тэр заалтыг хэрэгжүү­лэх юм бол С.Баярцогт дэд дарга гэдэг ажлаасаа халагдсан. Зарим гишүүд ч С.Баярцогтыг гишүүн гэдэг ажлаа өг гэж байгаа. Хөрөнгө орлогын мэдүүл­гээ дутуу бөглөнө гэдэг бол гэмт хэрэг биш. Гэхдээ ажлаас халдаг арга хэмжээтэй. УИХ-ын гишүүнийг ажлаас халах халахгүйг Үндсэн хуулиар зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр УИХ өөрийнхөө авч болох арга хэмжээ буюу дэд даргынх нь суудлыг авах байдлаар С.Баярцогтын асуудлыг шийдсэн. Ё.Отгонбаярын хувьд хэр­хэх нь ойлгомжгүй болж байгаа юм. Үндсэн хуулиар халж болохгүй. Алига­тай тэмцэх хуулиар бол ажлаас нь халах ёстой.

-Сайд асан Н.Хүрэлбаатарыг баасан гаригийн шөнө баривчил­лаа. Дээр нь Ё.Отгонбаяр гишүүний асуудал гэх мэт зүйлийг МАН-ынхан өөр өнцгөөс тайлбарлаж байгаа?

-Баасан гаригийн Ерөнхий сайдын мэдээллийн цаг дээр тийм агуулгатай зүйл ярьж байсан. Гэхдээ хуулийн байгууллагынхан хэнийг хэзээ баривч­лахаа УИХ-аас асуухгүй. Ер нь УИХ хэрэг хэлэлцэж, шүүж, мөрдөн бай­цаалт явуулж байдаг газар биш. Хуулийн байгууллага хараат бус ажиллаж байгаа. Гэтэл сонгууль болж байна гээд Н.Хүрэлбаатарыг баривч­лах­гүй л байх ёстой юм байна, тэдний хэлснээр. Мөн Ё.Отгонбаярын эхнэ­рийн дансаар хийгдсэн сэжигтэй гүйлгээн дээр нүдээ аних ёстой байсан бололтой. Ийм зүйл байж болохгүй л дээ. Хуулийнхан биднээс болон олон нийтээс хэнийг хэзээ саатуулж шал­гахаа асуухгүй.Бас сонгууль болж байна гээд бензиний үнийн буулгалтыг болиул гэж шаардаж байна лээ, МАН-ынхан. Манай улс түүхий нефть экспорт­логч болоод түүнийгээ Хөх хотын үйлдвэрт боловсруулан шата­хуун болгоод эргүүлэн оруулж ирж байгаа. Энэ томъёогоороо Роснефть­тэй тохироход бензиний үнэ буурч байна. Дэлхийн шатахууны үнэ өсчих­гүй л бол 50 төгрөгийн хэмнэлт байнга байна гэсэн үг. Тэгэхээр сонгуульд зориулж шатахууныхаа үнийг буу­руулж байгаа юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Бас УИХ-ын гишүүдийг нам намаар нь талцуулж буй зүйл бол Өвөрхангай болон Увсын тойргийн асуудал?

-Увсын тойрогт мөнгө тараасан нь нотлогдсон. Харин Улаангом суманд эмчийн гэрт мөнгө тарааж байгаад баригдахаараа хаалгыг нь эвдээд гарч явсан хэргийг шүүх хоёр, гурав дахь шатны хурал нь болоогүй байгаа юм билээ. Энэ шатны хурал болчихвол Увсын хоёр гишүүнийг яах вэ гэдгээ СЕХ шийдэх ёстой. СЕХ-ны түрүүчийн дарга Н.Лувсанжавын гарын үсэг­тэй “Шүүхийн шийдвэр гарсны дараа гишүүдийнх нь асуудлыг авч хэлэл­цэнэ” гэсэн тогтоол байгаа. Мөн “МАН-ынхан мөнгө тараасан” гээд 100 мянган төгрөгөө авчирч өгөөд 10-аар үржүү­лээд сая төгрөг авсан Увсын 13 иргэн байгаа. Үүнийг нь ч шүүх тогтоосон.

Харин Өвөрхангайн хоёрын тухайд их, бага санал авсан асуудлыг яриа­гүй. МАН-аас нэр дэвшигчид нь хууль зөрчиж саналын хуудсанд нэр нь байх ёсгүй байсныг Өвөрхангай аймгийн сонгуулийн хороо шийдэлгүй сон­гуульд оролцуулсан. Тэгээд сүүлд нь хуулийг хэрэгжүүлж шүүх шийдвэр гаргасан байгаа. Гончигдорж гэж Арвайхээр сумын Засаг дарга байсан, МАН-ын гишүүн хүн бий. Тэр хүний гарын үсэгтэй сонгуулийн тойргийн хорооны тогтоол байдаг. “МАН-аас нэр дэвшигчид нь сонгуулийн сурталчил­гаан­даа хүүхэд ашиглаж хууль зөрч­сөн байна. Тиймээс сануулах арга хэмжээ авъя” гэсэн. Сонгуулийн хуулиар хүүхэд ашигласан байвал саналын хуудаснаас нэрийг нь хасах заалттай. Гэтэл энэ заалтыг Гончиг­дорж хэрэгжүүлээгүй. Үүнийг хамгийн энгийнээр тайлбарлавал наадам боллоо, наадамчдын нүдэн дээр учраа бөхөө сайхан хаяад начин цол авсан бөхөд наадмын дараа допингийн шинжилгээ хийлээ. Гэтэл шинжилгээ­ний хариу гарч допинг хэрэглэсэн нь тогтоогдоод шударга бусаар авсан начин цолыг нь хурааж ялагдсан хүмүүст нь цолыг нь нөхөн олгодог. Наадамчин олныг харж байхад бөхийн дэвжээн дээр тэр хүн давсан уу, давсан. Гэтэл шалгаад үзэхэд допинг хэрэглэсэн болох нь тогтоогдож цолоо хураалгаж байна. Үүнтэй яг ижил. Өмнөх Сонгуулийн хуулиар гуравхан заалтаар нэр дэвшигчийг жагсаалтаас хасдаг байсан бол одоо 38 заалтаар хасч байгаа.Нэр дэвшиж байхад нь ч, сонгуулийн явцад ч, гишүүн болсон хойно нь ч гишүүн биш болгодог ийм хатуу хуультай болсон.

-Хуулийг хэрэгжүүлээгүй тойр­гийн хорооны ажилтнуудад хариуц­лага хүлээлгэх заалт бий юу?

-Сонгуулийн хуульд зааснаар үндсэн ажил болох төрийн албанаас нь хална. Одоо Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийн хорооны ажилт­нууд бүгд төрийн албан хаагч болсон.

-Энэ мэтээр улс төр эрчтэй байгаа ч давж яригдаж байгаа зүйл бол найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Ер нь иргэдийн хүсэн хүлээж байсан шийдвэрийг гарга­лаа гэж байна. Энэ зээл өмнөхөө­сөө юугаараа ялгаатай юм?

-Америкт моргейж, Европт ипотек гэж хэлдэг.Энэ хууль түрүүчийн УИХ-ын үед гарсан. Хуулийн төсөл нь бүр 2004-2008 оны УИХ-д өргөн баригдсан байдаг. Би хоёр ч УИХ-ын хуулийн ажлын хэсэгт нь орж нэгийг нь даргалж байсан. 2008-2012 оны УИХ-ын үед үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай болон хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль гарсан. Энэ хоёр чухал хууль гарснаараа моргейжийн зах зээл ажиллах боломжтой болж байгаа юм. Харамсалтай нь С.Батбол­дын Засгийн газрын үед УИХ-ын сонгуулиас таван сарын өмнө зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл гэдгийг зарласан. Тэр юугаараа алдаа­тай байсан бэ гэвэл манай дээрх хуулиуд болон дэлхий даяар мөрдөгд­дөг стандартын моргейжийг зөрчсөн. Нэгдүгээрт тэд тодорхой хэмжээний 50 ч билүү тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Ийм байж улс даяар мор­гейжийн зээл авч болно гээд бүгдийг нь хөөрөгдчихсөн. Үүнийг зарлахаас өмнө сая төгрөгийн дундаж үнэтэй байсан орон сууцны метр квадратынх нь үнэ даруй хоёр сая төгрөг болтлоо өссөн. Хоёрдугаар алдаа нь Засгийн газрын тус тогтоолын ард компаниудын нэртэй арван хуудас хавсралт байс­ных. Нэг үгээр хэлбэл зөвхөн энэ компаниудын байшинг ав гэсэн ша­халт байсан юм. Харин компаниуд нь жагсаалтад оронгуутаа байрныхаа үнийг нэмээд эхэлсэн. Тэгэхээр энэ бол зургаан хувийн хүүтэй моргей­жийн зээл бус тодорхой компаниу­дынбайрыг борлуулах арга болж хувирсан юм. Бас нэг алдаа нь бодит хүү 13 хувь байхад зургаан хувьтай өгчихөөд үлдэгдлийг нь улсын төсвөөс гаргас­ных. Иргэн Доржийг байр авахад улсын төсөв буюу та бидний төлсөн татварын мөнгөнөөс гаргаж болохгүй.

-Тэгвэл Н.Алтанхуягийн Зас­гийн газрын найман хувийн хүүтэй зээл ямар давуу талтай гэж?

-Н.Алтанхуягийн Засгийн газар үүнийг бүгдийг нь өөрчилсөн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны хууль товчоор Ипотекийн хууль, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлж эхэлсэн. Шинэ эх үүсвэрүүд ашиглаж эхэлсэн. Тэр нь тэтгэврийн сангийн үлдэгдэл. Үүнийгээ ашиглаад мөнгө дутвал гадаад зах зээл байна. Ипоте­кийн гэрээнүүдийг цуглуулж хоёр дахь зах зээл рүү үнэт цаас болгож гаргана. Тэгээд хөрөнгө оруулагчдад багцалж худалдах арга хэмжээг анх удаа хэрэгжүүлэх гэж байгаа. Ингэхдээ нэгдүгээрт барилгын компанийн нэр заахгүй. Зах зээлд байгаа баригдаж дууссан, өнөөдөр зээлээ аваад мар­гааш орох боломжтой байр, худалдан авагч хоёрыг дэмжиж байна. Худалдан авах байр нь хуучин байна уу, шинэ байна уу хамаагүй. Н.Алтанхуягийн гаргаж байгаа энэ ипотекийн зээлС.Батболдын Засгийн газрынхыг бод­вол ямар ч эрсдэл байхгүй гэдгийг хэ­лэх хэрэгтэй. Яагаад гэвэл найм дээр нэмэх нь нэг хасах нь нэг буюу дээд тал нь ес, доод тал нь долоон хувийн хүүтэй зээл авах боломж юм. Бид “Чингис” бондоор зөвхөн 1.5 тэрбум ам.доллар зээлээгүй. Бид ямар хүүтэй зээл авах боломжоо тогтоолгосон. Таван жилд 4.5 хувь, арван жилд 5.5 хувь гэх мэтээр зээл авах боломж­тойгоо олж мэдсэн. Ингээд ипотекийн зээлийн багцаа хөрөнгө оруулагчдад зарахад төлөх хүү нь 5.5 таваас хэтрэхгүй байна гэсэн үг. Үүнийг төгрөгт шилжүүлээд үзэхэд дээд тал нь ес, доод тал нь долоон хувийн хүү төлөх болно. Тэгэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан ипотекийн зээлээр хэн ч хохирохгүй. Цэвэр зах зээлийн зарчмаараа шийдэгдээд явчихна.

Сүүлийн 15 жилийн манай ипо­текийн зах зээлийн хэмжээ 750-760 тэрбум төгрөг байгаа. Зөвхөн өнөө жил 800 тэрбум төгрөгийг энэ зах зээл рүү гаргана гэдэг нь зах зээлийг хоёр дахин өсгөж байгаа хэрэг. Ингэжбид хуулин­даа нийцсэн, тал тохой татаа­гүй, барилгын компаниудын байшинг шахаа­гүй, эрүүл моргейжийн сис­темийг хийсэн.

-Зээлэнд хамрагдахыг хүссэн хүмүүс их бий. Бас хязгаарлахгүй бол урьдчилгаа төлбөр төлөх чад­вартай хүн олон байр авч гар дээрээ мөнгөгүй хүн байргүй хоцрох магад­лал бий?

-Хязгаарлалт байгаа. Жишээ нь том байр авах хүсэлтэй хүнд энэ систем үйлчлэхгүй. Одоо найм дээр нэмэх нь нэг, хасах нь нэг хувийн хүүтэй байна. Ная хүртэл метр квадрат талбайтай, 100 хувийн гүйцэтгэлтэй байх ёстой. Эсвэл хуучин байр байж болох бөгөөд 20 хүртэлх жилийн хугацаатай, 10-30 хүртэл хувийн урьдчилгаа төлөх болно. Үүнд л багтана. Нөгөө талд нь барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэхэд дэмжиж хүү багатай зээл өгч байна. Хуучин авлигаар авдаг байсан газрыг нь авлигагүйгээр чөлөөтэй, илүү ил тодоор авахыг санал болгож байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байна. Гэр хорооллынхонтой тохирол­цоод ирсэн барилгын компаниудад зөв­шөөрлийг нь өгч эхэлсэн. Нэг айлын хашаа л гэхэд дор хаяж байр болон хувирч байгаа. Энэ мэтээр барилгын салбарт байсан авлигын сүлжээг арилгаж байна. Үр дүнд нь байр их баригдана. Үүнийгээ дагаад баригдаж байгаа байрыг худалдаж авах санхүү­жилт ажилтай хүн бүрт нээгдэж байгаа. Бид шинэ зүйлийг бодож олоогүй ч зах зээлийн зарчимд нь нийцүүлсэн. Анх 2009 онд батлагдсан хууль явсаар зах зээлийн жамаараа хөгжих боломж өнгөрсөн долоо хоногт л нээгдлээ.

-АН-ын бүлгийн дарга өнгөрсөн долоо хоногт зээлийг олгож эхэлнэ гэж мэдэгдсэн ч амжсангүй. Ер нь хэдийгээр зээл олгогдож эхлэх бол?

-Зээл авахын тулд бүрдүүлэх бичиг баримт гээд ажил их бий. Энэ долоо хоногоос эхлээд хүмүүс байр авах саналаа өглөө гэхэд шалгаж эхэлнэ. Ер нь шалгах ажил их уддаг. Үнэхээр ажилладаг уу, цалин нь ямар вэ, авах гэж байгаа байр нь бий юу, хэдэн жилээр авах юм гэх мэт ажлыг хийж дуусахад зээл олгогдоно.

-Зээлэнд хамрагдах журмыг боловсруулж дууссан гэсэн. Өмнө­хөөсөө яаж өөрчлөгдсөн бол?

-Мэдээж журам өөрчлөгдсөн. Яа­гаад гэвэл шинэ найман хувийн хүүтэй зээлийн ард компаниудын нэр байх­гүй. Зах зээл дээрээс одоо ашиглалтад орчихсон байрыг сонгоно. Тэгэхээр үүнийг дагаад бүх зүйл өөрчлөгдөнө.

-Байр авахыг хүсч буй иргэн хамгийн эхлээд хаашаа хөдлөх вэ?

-Эхлээд байраа олно. Үнээ тохир­но, гэрээгээ хийнэ. Тэгээд моргейжийн компанидаа хандана. Тэр нь банк эсвэл Санхүүгийн зохицуулах хороо­ноос зөвшөөрөл авсан моргейжийн компани байна.

-Хэдэн хүн байр авах вэ, хэдэн төгрөг шаардагдах бол. Тооцоо нь гарсан болов уу?

-Стандартын шаардлагад нийцсэн дотроо нойль, халуун, хүйтэн устай байранд нийт хүн амын 30 хувь нь амьдарч байгаа, үлдсэн 70 хувь тохилог сууцанд суух хэрэгтэй гэхээр том тоо гарна. Хатуухан хэлэхэд хүссэн хүн бүр байртай болохгүй. Яагаад гэвэл заавал тогтмол ажилтай сар бүр төлбөрөө төлөх чадвартай байх ёстой. Мөн өрхийн орлогын 40 хувиас хэтрэхгүй хэмжээг зээлэндээ өгөх ёстой. Ажилгүй хүн байртай болох ямар ч найдлагагүй гэсэн үг.

-Э.Бат-Үүл дарга газраа битгий зар. Үнэд хүргэнэ гэж хэлээд нийс­лэлийн удирдлагыг авсан. Гэтэл Засгийн газар нь орон сууц­жуу­лалтыг дэмжээд эхэллээ. Ямар нэг зөрчил үүсэх нь үү?

-Э.Бат-Үүл ч гэсэн орон сууцжуу­лах асуудлыг дэмжиж байгаа. Харин хувь хүмүүс компаниудад газраа зарах ажилд нь Э.Бат-Үүл оролцохгүй. Тэр процесс зах зээлийн зарчмаараа явна. Гэхдээ хашааны газрын үнэ Э.Бат-Үүлийн сонгуульд оролцож байсныг бодвол өссөн. Одоо барилга барих гэж байгаа компани газартай хүний хоорондын тохиролцоогоор бүх наймаа хийгдэнэ. Тэр нь утаа униа­раас салах, иргэд тохитой байранд орох гээд нэг л бодлогын хүрээнд явагдах юм.

-Эрэлт, нийлүүлэлтийг дэмж­чих­лээ. Дэд бүтцийг нь яах вэ?

-Дэд бүтцийг тавих ажилд төр тодорхой хэмжээгээр тусалж байгаа. Түүнээс биш бүгдийг нь шийдэж өгнө гэж байхгүй. Мөн улс дэд бүтэц барь­сан мөнгөө орон сууцны фонд маягаар буцаан авч байгаа.

-Яг энэ систем АНУ-д дампуурч байсан гэсэн. Харин манай тогтол­цоо АНУ-ын дампуурлын араас орохгүй гэх баталгаа бий юу?

-Энэ хууль 2006 онд өргөн бариг­даад тухайн УИХ гаргаж чадаагүй юм. Тэгэхэд хямрал эхэлсэн. Тиймээс дэлхийн орнууд Америкийн энэ сис­темийн зөв бурууг харж эхэлсэн. Тэр үед ипотекийн хуулийн америк зөвлө­хүүд зөвлөж байсан. “Манай энэ системд алдаа гарсан” гэж зөвлөхүүд хэлсэн байдаг. Ямар алдаа вэ гэвэл тухайн нийгэмд моргейж аваад хариуц­лагатай төлж дуусгадаг хүний тоо 100 хувь биш байдаг юм байна. АНУ 300 сая хүнтэй байлаа гэхэд зээлээ баталгаатай төлөх хүн нь 200 сая ч байдаг юм уу. Харин АНУ хөгжсөөр зээлээ баталгаатай төлөх хүнээ дуусгачихсан юм байна. Нэг үгээр хэлбэл орон сууцтай болох болол­цоотой бүх хүн нь зээлд хамрагдаад тогтмол ажилгүй, архичин, бүтэл муу­тай, хар тамхичин хүмүүс нь байргүй үлдсэн. Гэтэл улстөрчид нь “Жон яагаад байргүй үлдчихэв. Та нар яагаад өгөхгүй байгаа юм” гээд моргейжийн компаниудаа шахаж эхэлсэн байдаг. “Тэд нар чинь урьд­чил­гаа төлбөрөө төлж чадахгүй ш дээ” гэдэг тайлбарыг хийсэн ч тэр хамаагүй “өг” гэсэн юм билээ. АНУ-ын моргейжийн зээл өгдөг хоёр том компани нь хоёулаа төрийн өмчийнх учраас даалгаврыг ёсоор болгосон. Энэ нь алдаа болж дампуу­рахад хүргэж байгаа юм. Харин манай улсын моргейжийн зах зээлийг АНУ-тай харьцуулбал ДНБ-ий арав хүрэхгүй хувь байгаа. Америкт дам­пуурч байхад моргейжийн зах зээл нь 100 хувь болчихсон байсан. Тийм их зээл тарааж хэмжээнээсээ хэтэрсэн ажил хийсэн байгаа юм. Хоёр дахь алдаа нь моргейж анхлан гаргагч, зээлдэгч хоёрын хооронд эрсдэлээ хуваах зүйл бай­гаагүй. Анхан шатных нь үйлдвэрлээд л зараад байснаас зээл төлөгдөх эсэхэд санаа тавиагүй.Харин манай хуульд энэ бүх алдааг засч оруулсан. Манай улсад байртай болохыг хүссэн, хариуц­лагатай, ажил­тай хүний тоо нийт хүн амын зөвхөн 10 хувь нь биш гэж бодож байгаа. Тиймээс манай моргейжийн зээл дам­пуурахгүй. Муугаар бодож дам­пуур­­лаа гэхэд үл хөдлөх хөрөнгө үргэлж барь­цаатай байдаг учраас энэ салбар руу хөрөнгө оруулсан хүмүүс алдахгүй.

-Эдийн засгийн уналт нүүрлэхэд энэ системд яаж нөлөөлөх вэ?

-Эдийн засгийн уналт боллоо гэхэд тухайн жилдээ моргейжийн зээл авч байгаа хүний тоо л цөөрнө үү гэхээс өөр өөрчлөлт гарахгүй. 20-30 жилээр нь хатуу тохирч зээлээ авч өгдөг учраас ганц хоёр жил үргэлжилдэг хямрал нөлөөл­дөггүй.

-Моргейж авсан хүмүүс зээлээ хугацаанаасаа өмнө дуусгах ч юм уу ямар нэгэн байдлаар гэрээгээ зөр­чиж болох уу?

-Манай моргейжийн онцлогийг хар­гал­зан үзэж хуулинд тодорхой заалтууд орсон. Бөөнөөр нь төлөхийг зөвшөөрсөн. Сар бүрийн төлбөрийг нааш, цааш нь болгохыг зөвшөөрсөн. Учир нь малчин хүн л гэхэд хавар ноолуур гарахаар бөөн мөнгөтэй болдог. Энэ тохиолдолд жилийн мөн­гөө төлж болно. Урьдчилж төлөөд хүүний зардлаа багасгах боломж бас бий. Харин жил алгасч төлөх тохиолдлыг банктайгаа тохирох ёстой. Тохирч ­чадвал хуулиар хориглохгүй.

-Төсөв бүрдэлт муу байгаа гэсэн. Моргейжийн системд ч юм уу, ний­гэмд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?

-Нүүрс зэсийн үнийг их өөдрөгөөр авсан. Одоо экспорт хэмжээндээ байгаа боловч ордог орлого нь багасч байгаа. Дэлхий даяараа эдийн засгийн хурдац саарсантай холбоотойгоор уул уурхайн түүхий эдийн орлого төлөв­лөснөөс бага байгаа. Үүнд таарсан өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бүсээ чангална гэсэн үг.

-Иргэдийн таатай хүлээж авч байгаа бас нэг шийдвэр бол неф­тийн бүтээгдэхүүний хараат байд­лаас гарах. Сая нүүрс, шатдаг зана­раас шатахуун гаргаж авах тухай асуудлыг хэлэлцэж шийдлээ?

-Өчигдөр хууль баталсан. Сүүлийн 20 жилийн хугацаанд анх удаа шата­хууны үйлдвэрлэлийн салбарт боди­той тус болох шийдвэрийг УИХ гарга­сан. Энэ хууль зургадугаар сарын 7-ноос эхлээд 2018 оны арванхоёр­дугаар сарын 31-нийг хүртэл үйлчилнэ. Хэрэгжихдээ газрын тос, нүүрс болон шатдаг занараас газрын тос үйлд­вэрлэн гаргах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн байгаа. Одоо болтол шата­хууны үйлдвэр баригдахгүй байгаа шалтгаан нь энэ. Компаниудтай уул­заад ярихаар “Бид нар яаж үйлдвэр байгуулах юм бэ. Үйлдвэр нь өөрөө 2-4 тэрбум ам.долларын тоног төхөө­рөмж хэрэглэдэг. Үйлдвэрлэлээ эх­лээ­гүй байж дээрх мөнгөний 15 хувийг хил дээр төлчихөөр наад үйлдвэр чинь босох бололцоогүй болдог” гэсэн тайлбарыг хийдэг. Тиймээс УИХ дээр асуудлыг хэлэлцээд дэмжлэг үзүүлье гэж шийдсэн. Дэмжлэгийн эхнийх нь энэ. Дараа нь газрыг нь олгож, дэд бүтэц татах гэх мэтээр дэмжлэгүүд явагдана. Ямар ч байсан 2016 он гэхэд дотооддоо шатахуун үйлдвэрлэдэг болно. Зүгээр ямар ч хамаагүй үнээр үйлдвэр бариад ямар ч хамаагүй үнээр бүтээгдэхүүнээ зарна гэдэг байж болохгүй. Учир нь дотоодын шатахуу­ны үнэ Ангарск, Хөх хотод үйлдвэр­лэгдэж байгаа шатахууны үнээс доогуур байх ёстой. Тиймээс бид зөвхөн уламжлалт түүхий газрын тосонд тулгуурласан үйлдвэрийг дэмжээгүй. Бүгдийг нь дэмжиж байна. Бид нүүрсний нөөцөөрөө дэлхийд эхний аравт, шатдаг занарын нөөцөөр эхний гуравт орж байна. Энэ болом­жуудыг ашиглаад Америкт л гэхэд занарын хувьсгал гэдгийг хийгээд байна. Байгалийн хийн үнийг хоёр дахин унагалаа. Шатахууны үнэ нь ч хямд. Тэгэхээр бид ойрын таван жилийн зорилтдоо дотоодын хэрэгцээ­гээ хангаад дараа нь экспортлох бодлого баримтлах ёстой. Яагаад гэвэл манай занарын нөөц Арабын орнуудын газрын тос шиг их юм билээ. Одоогоор судлагчдсан занарын нөөц 788 тэрбум тоннд хүрсэн. Нэг тонн шатдаг зана­раас 130 литр дизель түлш, эсвэл бензин гардаг гэж бодохоор хэлэхийн аргагүй их тоо гарч байгаа. Үүнийгээ дагаад битум, байгалийн хий гарч ирэх юм. Тэгэхээр бид ямар ч байсан шатахууны хараат байдлаас ойрын таван жилдээ гарна гэдэг шийдвэрийг гаргасан. Үүн дээр нэмж хэлэхэд энд улсын оролцоо гэж байхгүй. Сая шатахуун 50 төгрөгөөр буулаа. Зарим нь үүнийг “Яасан бага юм бэ. Бид 50 төгрөгөөр талх авахгүй ш дээ гээд байгаа юм”. Гэтэл 50 төгрөг нь литр тутамд байгаа учраас сард дөрвөн тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийж байна. Хэрэглэгчдийн халаасанд сард дөрвөн тэрбум төгрөг үлдэж жилд 50 тэрбум төгрөг болж байгаа. Энэ бол бага мөнгө биш.

-Төв аймгийн Бүрэн, Эрдэнэ­сант сумын нутагт нүүрс, шатдаг занарыг боловсруулах үйлдвэрийг бай­гуулах тухай яригдаж эхэлсэн. Гэтэл зарим хүмүүсийн турхирал­таар нутгийн иргэд эсэргүүцэж эхэллээ гэж мэдээлэгдэх боллоо?

-Дорнод, Төв, Өвөрхангай, Дунд­говийн нутагт занар нь байна. Төв аймгийн иргэд эсэргүүцэж байгаа гэж тойргийнх нь гишүүн хэлж байна лээ. Занар гэдэг бусдаасаа их өөр. Амери­кийн компани бензин үйлдвэрлэх гээд байгаа юм биш. Монголын төртэй хамтарч байгаа. Тэгэхээр бид бүх судалгаа хийгдсэний дараа хэн нь хэдэн хувийг эзэмших вэ гэдгийг ярина. Засгийн газраас мөнгө гаргах­гүйгээр бензин үйлдвэрлэхэд орол­цоод эхэлнэ гэдэг болох зүйл. Харин Төв аймгийнхан эсэргүүцээд байгаа бол больё. Бусад аймгуудын удирд­лагууд нь гуйгаад аваад явах гээд байна. Тэртээ тэргүй манайд байгаа нүүрсний хэмжээнээс тав дахин их шатдаг занар байна гэж тогтоогдсон. Хаа сайгүй байдаг учраас үйлдвэрийг хаана ч босгож болно. Өвөрхангай аймгийнхан тэр “Жени ойл” гэдэг компанийг урьж судалгаа хийлгэе, бид улсдаа шатахуун үйлдвэрлэгч анхдагчид нь болмоор байна гэж ярьсан.

-Үйлдвэрийнх нь технологи байгальд ээлтэй юу. Хэр суд­лагд­сан бэ, хаана хаана хэрэглэдэг юм гээд асуудал бий?

-Олон өөр технологи бий. Америкт шүүмжлүүлж буй нэг технологи байдаг. Газрын доорх усыг бохирдуулдаг гэж. Түүнийг бид авахгүй нь ойлгомжтой. Уурхай байгуулдаггүй, газар дор тень шургуулаад халаачихдаг, халааж гарсан газыг нь шингэрүүлдэг ийм хялбар үйлдвэр байгаа. Үүний онцлог нь эхний хөрөнгө оруулалт нь бага. Гол зардал нь тенийг халаадаг тогны үнэ. Бүтэн жил халааж байж шатдаг хий нь гарч ирнэ. Энэ үйлдвэр ажиллатлаа цахилгаан станцын тогоор дэмжигдэнэ. Харин дараа нь гарч ирсэн хийгээрээ тог үйлдвэрлээд өөрийгөө хангаад эхлэхээр дахиж манай цахилгааны системд дарамт үзүүлэхгүй юм билээ. Судалгааны дараа хаана байгуулах, хэн нь ямар хувь эзэмших вэ гэдгээ шийднэ. Юу ч гэсэн технологийн судалгаагаа хийгээд эдийн засгийн өндөр үр өгөөжтэй шатахуун гаргаж авна гэдгээ нотлох хэрэгтэй байна.

-Дарханы газрын тосны үйлд­вэрийг энэ жилийн өдийд бариад эхэл­чихнэ гээд байсан яагаад сураггүй болов?

-Дарханы үйлдвэрт төр оролцохгүй гэж байгаа. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө үйлдвэрээ барь нөхцөлийг чинь бүрдүүлж өгье, татвараас чөлөөлье гэж байгаа. Тэгээд ч улсын мөнгөөр шатахууны үйлдвэр барихгүй гэдэг зарчмыг тохирсон. Одоо хөрөнгө оруулагчдын асуудал үлдсэн.

“Өдрийн сонин” Л.МӨНХТӨР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ