“Овоо доо...” С.Бямбацогт

Хямралын дарамтан дээр татварын өртэй гэж дансаа хаалгуулаад цайрчихсан байсан ААН-үүдийн хувьд өнгөрсөн 7 хоног “тэмдэглэлт” байлаа. Оршилд хэлэхэд Ерөнхий сайд хувийн хэвшилд хандаж хийсэн нэг алхам бол хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг зөрчсөн асуудлыг судалж санал, дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулсан явдал байлаа. Энэ ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахалж байгаа. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн холбоод, хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзаж зангиагүй ярьж бодит бэрхшээл асуудлаа зөвлөлдөхийг санал болгов. Уулзалтад бизнес эрхлэгчдийн холбоод, зарим компанийн удирдлагууд оролцож хуримтлагдсан олон асуудлаа ярьсан байна. Мэдээж ярилцсан сайд нь хууль зүйн сайд байсан тул анхааралд нь оруулах үүднээс татвар төлөлтийн зөрчилтэй ААН-үүдийг авах арга хэмжээг хэтэрхий давуудуулан хэрэглэдэг тухай асуудлыг тэд хөнджээ. Хямралын үед цалингаа дийлэхгүй суугаа ААН-үүд татварын өртэй гарах нь түгээмэл дүр зураг болсон. Нөгөө талд татварынхны чангалалт улам нэмэгдсэн гэж бизнесийнхэн гомдолтой байдаг. Үйл ажиллагаа явуулж байж л дарамтаа хөнгөлнө. Гэтэл шууд дансыг нь хаачихдаг. Ганцхан татварын байууллага ч биш ШШГЕГ бас дансыг нь хаадаг тухай ярьдаг.

Үүний дээр эрүүгийн хуулиндаа татвартай холбоотой том ял суулгасан байдаг. Одоо мөрдөж буй хуулиар Татвараас зайлсхийсэн, аж ахуй нэгж зөрчил гаргасан бол 8 хүртэл жилээр хорих ялтай. Энэ заалтаар хувийн хэвшлийнхнийг дарамтлах явдал гардаг тухай бизнесийн хүрээнийхэнд яригддаг. Монголд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж бизнес хийх, зүгээр татвар төлөхгүй бараа зөөж ганзага хийхээс хэд дахин дарамттай, ашиггүй байгааг сууриар нь өөрчлөх ёстой санагдана. Энэ тухай бид олон жил ярьсан. Сонгуулийн дараа ч шинэ засаг төр татварын реформыг бүрэн хэмжээнд хийж магадгүй гэсэн ээлжит хүлээлт бизнесийнхэн, баялаг үйлдвэрлэгчдэд байгаа юм.

Үүнд анхны найдвар төрүүлсэн хариултыг хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө.

... Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, бизнесийн эрх зүйн чиглэлд тодорхой асуудлыг шийднэ. Нэг хувийн татвар, жишиг татварын хуулийг батална гэж төлөвлөж байгаа. Нийтэд нь татвар нэмэх асуудал яриагүй гэдгийг ойлгох ёстой. Дотроо ялгаатай зохицуулалт байгаа юм... гэж С.Бямбацогт сайд мэдэгджээ. Энэ бүхний дундаас хамгийн эхний бодитой алхам болгож данс нь хаагдаад байсан ААН үүдийн дансыг нээх, үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцлөөр хангах талаар арга хэмжээ авч байгаа юм байна.

“Төр байгаа бол хууль байх нь зүйн хэрэг. Хуулийг хүн бүхэн дагаж мөрдөх учиртай. Хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө төрийн захиргааны байгууллагууд ажилладаг. Ингэхдээ хүнд суртал гаргадаг бол анхаарч шалгах тухай салбарын сайд онцолсон байна лээ.. Цаашид хийх алхамд санал хэлэхэд татварын байгууллагаас тавьж буй акт зөв үү, буруу юу гэдгийг иргэний нийгмийн байгууллагын хөндлөнгийн оролцоотойгоор шийддэг болох хувилбарыг анхаарч үзээсэй гэж хэлэх байна. Ямар ч байсан дансаа хаалгуулаад байсан хэдэн ААН өнгөрөгч 7 хоногт асуудлаа шийдүүлж “ Овоо доо, С.Бямбацогт” гэсээр хямралын нэг хүлээснээсээ түрдээ суларч үлдлээ.

Б.ИХЭР

СЭТГЭГДЭЛ БИЧИХ