Б.Долгор: Хувьцаагаа худалдсан иргэдийн асуудлыг авч хэлэлцэнэ

“Иргэн бүрт-1072” түр хорооноос “Эрдэнэс Тавантолгой” компанийн мэдээллийн ил тод байдал болон бусад асуудлаар Засгийн газарт хандаж байгаа аж.
Улмаар шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 2.7 сая иргэн 1072 хувьцаа эзэмших ёстой. Гэтэл хувьцаа эзэмших ёстой иргэдийн дөнгөж 50 хувь нь эзэмшиж байгаа талаар тус хорооноос мэдэгдсэн юм. Энэ талаар хуульч Б.Долгороос тодрууллаа.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа юм байна. Энэ асуудлаа тодруулж өгөөч?
-Энэ компанийг хуулийн дагуу ажиллуулах, хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр ажиллуул гэдэг шаардлага хүргүүлж байна. Энэ компани хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлж, хуульд заасны дагуу ажиллах ёстой. Харин “Эрдэнэс Тавантолгой” үнэт цаасны тухай болон компанийн тухай хуульд заасан заалтыг зөрчиж байна. Мөн тус компани Төлөөлөн удирдах зөвлөлтэй хэрнээ хувь нийлүүлэгчдийн хурлыг зарлахгүй байгаа. Тиймээс энэ компани хууль болон хувьцаа эзэмшигчдийн эрхийн зөрчиж байна. Хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахын тулд ашигтай ажиллуулах санал оруулах эрхтэй.
Ер нь ТУЗ-ын найман гишүүний шийдвэрээр ажиллана гэдэг нь хэдхэн хүний эрх ашгийн төлөө явж, компанийн хувь заяагаар тоглож байгаа хэрэг. Хамгийн гол нь хуулиа мөрдөж ажиллахыг шаардаж байна.
-Татварын ерөнхий газартай ярилцан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшиж буй аж ахуйн нэгжийн хувьцааг буцаах боломжтой болсон. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Ер нь аж ахуйн нэгжүүдэд хувь эзэмшүүлсэн. Төр засгийн зүгээс иргэдэд 1072 хувьцаа эзэмшүүлэх тухай шийдвэр бий. Тиймээс бид түүнийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Аж ахуйн нэгжүүдэд нээлттэй байх ёстой. Яг одоогоор тус компанийн мэдээлэл хаалттай байгаа нь хохиролтой байна. Учир нь иргэд ямар ч мэдээлэлгүй байгаагаас эрхээ эдэлж чадахгүй байгаа юм.
-Нэг хэсэг хүмүүс Засгийн газарт 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр борлуулсан. Гэвч өдийг хүртэл мөнгөө аваагүй байгаа. Иргэд өөрийн хүсэлтээр хувьцаагаа эргүүлэн эзэмшиж болох уу?
-Энэ асуудлыг эргэж харах ёстой. Мөнгөө авч чадаагүй бас хувьцаагүй болчихсон хүмүүсийн хувьцааг эзэмшүүлэх асуудал гарч ирнэ. Тиймээс энэ асуудлыг ч мөн Засгийн газарт тавьж байгаа.
-Хувьцаа эзэмшигч 2.7 сая иргэнийг хуралд оролцуулах боломжгүй талаар ярьдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Хамгийн гол нь бүх мэдээлэл нээлттэй байх хэрэгтэй. Хувь нийлүүлэгчдийн хурал болсон эсэх, ногдол ашиг тарааж байгаа мэдээллийг иргэд мэддэг байх ёстой. Тэгэхээр мэдээллийг нээлттэй ил тод байлгаач гээд байгаа юм шүү дээ. Одоогоор бүх мэдээлэл хаалттай байгаагаас компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг мэддэггүй.
Д.Оюунчимэг
gogo.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ